Хуурамч фэйсбүүк хаяг ашиглан охидтой танилцан дарамталдаг этгээдийг шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-09-19 15:05:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон нийтийн цахим сүлжээ Фэйсбүүк хуудсаар дамжуулж охидтой дотно танилцаж, хэсэг хугацааны дараа зураг бичлэгээр нь сүрдүүлж бэлгийн харьцаанд орж, мөнгө нэхдэг этгээдүүд сүүлийн үед нэмэгдэх болж, ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид хэргийг тухай бүрт нь илрүүлэн шалгаж байгаа талаар мэдээллээ.

Улаанбаатар хотын харьяат, 35 настай, эрэгтэй “М” нь зарын болон мэдээллийн вэб сайт ашиглан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж байсныг ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар холбогдох шалгалтын ажиллагааг шуурхай явуулж гэмт этгээдийн байршлыг тогтоон, дайчлан баривчлав. Мөн гэмт этгээдийн гар утас болон компьютерт садар самуун агууламжтай бага бус хэмжээний файл илэрснийг эд мөрийн баримтаар хураан авч, хууль бус үйлдлийг таслан зогсоож эрүүгийн хариуцлагад татжээ.

Мөн хуурамч фэйсбүүк хаяг ашиглан бага насын охидтой дотно харьцаа тогтоож, эцэг эхээс нь далдуур хувцастай болон нүцгэн зургийг нь цуглуулж охидыг сэтгэл санааны дарамтанд оруулж байсан хөдөө орон нутгаар уурхайн туслах ажилтан хийж явсан 32 настай, эрэгтэй “Г” гэгчийг ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар орон нутгийн цагдаагийн газартай хамтран илрүүлж, гэмт этгээдийг үйлдэл дээр баривчилж, эд мөрийн баримтаар түүний хууль бус үйл ажиллагаанд ашиглаж байсан гар утсыг хураан авч, эрүүгийн хариуцлагад татсан байна.

Сүхбаатар аймгийн харьяат, 17 настай, эрэгтэй “Х” нь хуурамч фэйсбүүк хаяг ашиглан насанд хүрээгүй охидтой танилцаж, нүцгэн зургийг нь цуглуулж улмаар дарамталж бэлгийн харьцаанд ордог, мөнгө авч байсныг ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар шуурхай илрүүлэн хууль бус үйлдлийг таслан зогсоож эрүүгийн хариуцлагад татсан. Уг этгээдийн хууль бус үйлдэлдээ ашиглаж байсан гар утсанд хийсэн үзлэг, шалгалтаар 1032 ширхэг насанд хүрээгүй байж болзошгүй охид, эмэгтэйчүүдийн нүцгэн зураг болон өөр бусад садар самуун агууламжтай файлуудыг илрүүлсэн ба хэд хэдэн хүнийг хохирогчоор тогтоон шалгалтын ажиллагааг явуулсан байна. Мөн Улаанбаатар хотын харьяат, 37 настай, эрэгтэй “Э” нь хохирогчийн хувийн секс бичлэгийг ажил, үүргийнхээ хүрээнд олж авч, хуурамч фэйсбүүк хаяг ашиглан олон нийтэд тараана гэж дарамтлан мөнгө өгөхийг шаардан, дарамталж байсныг ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар үйлдэл дээр нь илрүүлж, хууль бус үйлдлийг таслан зогсоож, эрүүгийн хариуцлагад татсан байна.

“Монгол Улсын хэмжээнд насанд хүрээгүй хүүхдүүд цахим гэмт хэргийн хохирогч болох тохиолдол нэмэгдэх хандлагатай байгааг албаны хүмүүс хэлж байна. Тухайлбал, 2017 онд 299 цахим гэмт хэрэг үйлдэгдсэн бол 2018 оны эхний хагас жилийн байдлаар 279 гэмт хэрэг гарч, гэмт хэрэг гаралтын тоо хоёр дахин нэмэгджээ. Монгол Улс дэлхийд цахим гэмт хэргийн хохирогчдын тоогоор 104 дүгээр байранд жагсдаг байна. Цахим гэмт хэргийн хохирогчид хаана хандахаа мэддэггүй. Гэмт хэргийн хохирогч болоод эцэг эхээсээ айдаг, бусдаас нуудгаас болж хохироод үлддэг, тиймээс цагдаагийн байгууллагаас энэхүү гэмт хэргийг таслан зогсоохоор "Unfriend" арга хэмжээг эхлүүлээд явж байна" гэж албаныхан хэллээ.

 

Холбоотой мэдээ