Жүдочид Дэлхийн аваргын төлөө Баку хотноо хүч үзнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-09-19 15:13:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ Азербайжаны нийслэл Баку хотноо маргааш буюу энэ сарын 20-нд эхлэх бөгөөд тус тэмцээнд хүч сорих Монголын баг тамирчид өнгөрсөн даваа гарагт  тус улсыг зорьсон. 

Энэ жилийн ДАШТ-д 129 орны 800 жүдоч  оролцохоор мэдүүлгээ илгээжээ. Манай улсын хувьд Хөдөлмөрийн баатар, олимпийн алт, мөнгөн медальт ​Н.Түвшинбаяр, олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга Д.Сумъяа тэргүүтэй 18 жүдоч хүч үзнэ.

Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулахад, эмэгтэйчүүдийн 48 кг-д  М.Уранцэцэг, 52 кг-д Б.Хорлоодой, Г.Ганцэцэг, 57 кг-д Д.Сумъяа, Л.Энхрийлэн, 63 кг-д Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч, 70 кг-д Ц.Наранжаргал, +78 кг-д Б.Мөнхтуяа нар хүчээ сорих бол эрэгтэй жүдочдоос 60 кг-д Б.Амартүвшин, 66 кг-д Г.Хэрлэн, 73 кг-д Г.Одбаяр, Ц.Цогтбаатар, 81 кг-д О.Ууганбаатар, 90 кг-д Г.Алтанбагана, 100 кг-д Л.Отгонбаатар. +100 кг-д Ө.Дүүрэнбаяр, Н.Түвшинбаяр нар барилдана.

Тус тэмцээнийг SPS HD телевиз спортын тайлбарлагч С.Шижирбатын тайлбартай шууд дамжуулан үзүүлэх юм. Хуваарийн дагуу хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар 14 цагаас эхлэх бол медалийн төлөөх шигшээ барилдааныг өдөр бүрийн 20 цагаас дамжуулан үзүүлнэ.


                                                                                                                                                                                                                                                                                      Д.Өлзий

Холбоотой мэдээ