Д.Содном: Хийсэн ажилтай, хүмүүнлэг үйлстэй байх нь сайхан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-09-19 14:54:54

Увс/МОНЦАМЭ/. Увс аймгийн Хяргас сумын Бугат багийн малчин Дагиагийн Содномтой ярилцлаа. Бага залуудаа өнчисөн ч амьдралын шуурганд бууж өгөлгүй тэмцэж, өөрийнхөө хүчээр бүхнийг босгож чадсан түүгээр бахархахгүй байхын аргагүй. Тэр байгаа бүхнээ бусадтай хуваалцаж, түүндээ сэтгэл өег байж чаддаг.

-Та өөрийгөө танилцуулаач?

-Би 1978 онд төрсөн. 1999 онд цэргээс халагдаад хоёр ах, нэг дүүтэйгээ хамт аав ээжээсээ өнчин үлдсэн. Уг нь ах дүү арвуулаа л даа. Гурван эгч, таван ах, нэг дүүтэй. Тухайн үед ах эгч нараас  зургаа нь тусдаа гарчихсан байсан. Аав ээжийнхээ үлдээсэн 120-иод толгой мал байсныг хоёр ах болон дүүтэйгээ хамтран малласан. Намайг 2003 онд гэр бүл болоход ах дүүс маань надад 80 толгой мал таслан өгч байлаа. 

Миний хувьд малынхаа арван цагаан буянаар амьдарч байгаа хүн. Би 2015 онд мянгат малчин, 2012 онд Сумын аварга малчин, 2016 онд аймгийн сайн малчин болсон. Улаан загалмайн онцгой гишүүнээр 2012 онд элссэнээс хойш татвар шимтгэлээ тогтмол төлж явна. Иймдээ ч "Нигүүлсэнгүй үйлст манлай малчин" болсон.

-Гэр бүлээ танилцуулах уу?

-Эхнэрийг Баянцагааны Бадам гэдэг. Манайх хоёр хүү, нэг охинтой. Бага охин одоо  гуравдугаар анги, дунд хүү  зургадугаар анги, том хүү наймдугаар ангид сурдаг.

 Манайх “Ган мядаг” хоршооны гишүүн. Ноос, ноолуураа энэ хоршоонд тушаадаг. Цагаан идээгээ өөрсдөө хийнэ. 2012 онд нэрмэл архиар сумандаа алтан медаль хүртэж байлаа. Одоо манай мал сүрэг 1400 хүрсэн. Тэмээнээс бусад бүх төрлийн малтай. Унааны хэдэн адуутай бөгөөд түүнийгээ ах, дүү нарынхаа адуунд тавьчихаад ээлжилж авч унадаг. Бог голдуу мал өсгөж байна. Хөдөлмөр хийсэн хүнд цөөхөн ч гэсэн мал хишгээ хайрладаг. Хангай дэлхий, цаг агаар сайхан байвал малын буян арвин даа.

-Малчдад тулгарч байгаа бэрхшээлийн талаар танаас сонсоё?

-Цаг агаарын. Тэр бүхнийг давж туулна. Ер нь  малчин хүн малаа баярлуулж байж л өөрөө баярладаг байх. Малаа баярлуулахын тулд хаана өвс бэлчээр соргог, хужир шүү элбэг байна тэр газарт л малаа бэлчээдэг. Манай хангайд өвс ургамал элбэг. Жилдээ 14-16 нүүдэл хийдэг. Хяргас нуураас наашаа Бураагийн хөвөө хооронд нүүнэ. Өөрийн унаа машинтай, түүндээ гэрээ ачаад л явчихна.

-Таны авъяас, сонирхол юу вэ?

-Хэсэг хугацаанд шагайн спортыг сумандаа хөгжүүлэх гэж хүчин зүтгэж явсан. Шагайн харвааны сумын аварга шалгаруулах тэмцээн 2004, 2006 онд болоход түрүүлж байсан. 2006 онд аймагт багийн харваагаар  II байрт шалгарч байлаа. Түүнээс хойш гурван жил сумынхаа шагайн харвааны тэмцээнийг ивээн тэтгэж явуулсан. Одоо залуу үеийнхэн дундаа шагайн харвааг хөгжүүлэх талаар хичээж байгаа.

-Морь, малынхаа суран эдлэлийг өөрөө хийдэг үү?

-Өөрөө хийдэг. Сүүлийн үеийн малчид метрийн олс дээс авч морь, малаа оосорлодог болсон. Бидний аав ээжийн үед нэгдэл нийгэм гэж байхад бүх малаа саагаад, түүхий эдээ хоршоо нэгдэлдээ тушаагаад болж байсан. Гэтэл бидний үеийн малчид их залхуу, бэлэнчлэх сэтгэлгээтэй болсон нь харамсалтай. Ядаж л хурга, ишгээ ялгачихаад хонь, ямаагаа сааж болно доо. Саах л хэрэгтэй гэж би боддог. Манайх хүн цөөдөөд сааж чаддаггүй, хүүхдийн хичээл ном тарахаар хэдэн ямаагаа саадаг. Сүүлийн үед хуучны юм их сэргэж байгаа нь сайшаалтай.

Сүүлчийн хормыг танд үлдээе?

-Миний хувьд залуучуудыг өөртөө татаж, ажил хөдөлмөрөөрөө хоршоод ажиллахыг хичээдэг. Малаа маллуулсан хүүхэддээ цалингаас нь гадна 10 ишиг, 10 хурга таслаж өгөх жишээтэй. Сумынхаа сургууль, цэцэрлэг, эмнэлэгт хандив тусламж өгч, юм юмны захтай явахыг боддог. Малын арван цагаан буян байгаа хойно бусадтай хуваалцаад л явах нь зүйтэй юм.

Болж өгвөл энэ нийгэмд хөдөлмөр хийгээд, түүнийхээ үр шимийг бусадтай хуваалцаад явж байвал хүн болсны хэрэг бүтнэ. Нийгмийн оролцоотой, хийсэн ажилтай, хүмүүнлэг үйлстэй байх шиг сайхан зүйл хаана байх билээ.

-Танд баярлалаа.

                                                                                                                                       Б.Батхүү 

Холбоотой мэдээ