Ким Жөн Ун: БНАСАУ-АНУ-ын яриа хэлэлцээнд ахиц гарна гэдэгт найдаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2018-09-19 11:13:40
twitter.com/Nyamkanmk

СӨҮЛ. /Yonhap/. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах талаар АНУ-тай хийж буй яриа хэлэлцээнд ахиц дэвшил гарна гэдэгт найдаж байгаагаа БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй хоёр талын уулзалт хийх үеэрээ илэрхийллээ.


Мөн тэрбээр өнгөрсөн зургадугаар сарын 12-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай түүхэн уулзалт хийх боломжийг олгосон Ерөнхийлөгч Мүн Жэ Инд талархаж байгаагаа илэрхийлээд, яриа хэлэлцээний эхлэлийг тавихад их тус болсон гэж мэдэгдэв.


“АНУ-БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалтын ачаар бүс нутгийн байдал тогтворжсон бөгөөд цаашид илүү олон нааштай үр дүн гарна гэдэгт найдаж байна. Би дахин Ерөнхийлөгч Мүн Жэ Инд талархал илэрхийлмээр байна” гэж удирдагч Ким Жөн Ун мэдэгджээ.


Харин БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин “зоримог шийдвэр” гаргасан гэж Ким Жөн Уныг сайшаан магтаад, “энэхүү яриа хэлэлцээ удирдагч Ким Жөн Уны шийдвэрээс улбаатай бөгөөд шинэ эрин үеийг эхлүүлэх гэсэн түүний зоримог шийдвэрийг хүндэтгэж байгаагаа илэрхийлмээр байна” гэж мэдэгдлээ.


БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өчигдөр Пхеньян хотод айлчилснаараа БНСУ-ын гурав дахь төрийн тэргүүн болж байна.


Мөн тэрбээр цаашид илүү олон нааштай үр дүн гаргахын төлөө ажиллахыг уриалаад, бид маш хүнд ачааг асар их хариуцлагын хамт үүрэх болж байна гэж хэллээ.


Хоёр Солонгосын төрийн тэргүүн нарын уулзалт өчигдөр өглөөний 3:45 цагт БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын төв хорооны байранд болжээ.
 
БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун анх удаагаа намын төв байрандаа гадны зочныг хүлээн авч байгаа нь энэ болж байна гэж Ерөнхийлөгч Мүн Жэ Иний олон нийтийн харилцааны асуудал хариуцсан ахлах нарийн бичгийн дарга Юн Янг-чан мэдэгдлээ.


Д.Нямтулга

Холбоотой мэдээ