Урьдчилан сэргийлэх үзлэгт 1500 иргэнийг хамруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-09-19 15:55:41

Архангай /МОНЦАМЭ/"Хаан" Банкнаас  хоёр дахь жилдээ “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг Улсын  гуравдугаар төв эмнэлэг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран хэрэгжүүлж байгаа. Аяны нээлт есдүгээр сарын 17-нд Цэцэрлэг хотод болж цусны даралт ихсэхээс урьдчилан сэргийлэх үнэгүй үзлэг, оношилгоог Г.Дэмид жанжины талбайд зохион байгууллаа.

Өдөрлөгөөр урьдчилан сэргийлэх үзлэгийн үйлчилгээг нийт 1500 орчим хүнд үзүүлснээс гадна Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс идэвхтэй хөдөлгөөн, эрүүл хооллолтын талаар сургалт, мэдээлэл хийж, зөвлөгөө өгч ажиллав.

Харин аймгийн Нэгдсэн эмнэлэгт урьдчилан сэргийлэх үзлэгийн үеэр өвчлөл илэрсэн эрсдэлт бүлгийн иргэдийг нарийн мэргэжлийн эмчийн буюу зүрх судас, мэдрэл, хоол боловсруулах замын үзлэгт дахин хамруулсан байна.

Мөн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Архангай аймгийн иргэдийн цусны даралт ихсэлт өвчний эрсдэлийн үнэлгээг гаргах аж. “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы хүрээнд Архангай аймгийн "Хаан" банкны төв салбарт иргэд өөрсдөө цусны даралтаа дуртай үедээ очиж хэмжих боломжийг бий болгож, цусны даралт хэмжих буланг тохижуулжээ.


Б.Гэрэлт-Од

Холбоотой мэдээ