“Морьтны соёл- айрагны баяр” зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-09-18 21:00:56

Дундговь/МОНЦАМЭ/.  Дундговь аймгийн Мандалговь хотноо “Морьтны соёл-Айрагны баяр” арга хэмжээ есдүгээр сарын 28-29-нд болно. Аймгийн ЗДТГ, “Элгэмсэг дотно Дундговь ТББ”, аймгийн Хүнс хөдөө аж ахуйн хоршоологчдын холбоо хамтран адуу болон “Айраг” брэндийг сурталчлах зорилгоор дээрх арга хэмжээг зохион байгуулах  юм.    

Адуугаар, айргаараа алдартай Дундговь аймгийн 15 сумыг хамруулах энэхүү баярын үйл ажиллагааны үеэр 300 орчим морьтны жагсаал, морьтны хэрэглэл болон сайхан хос морьтон шалгаруулах, морин дээрээс дөрвөн бэрх хаях, айрагны дугараа болон,адуу, айрагны тухай дуу, дэмбээ наадаан, хуруу наадаан, айраг уух сонирхолтой тэмцээнүүд болно.

“Морьтны соёл-Айрагны баяр” хэмээх өвөрмөц арга хэмжээнд оролцогчид бүгдээрээ монгол хувцсаараа гоёх бөгөөд нийт оролцогчдын 30 хувь нь малчин эмэгтэй байх шаардлагатай аж.

Баярын үеэр “Дундговь-Түншлэл 2018” үзэсгэлэн худалдаа болох бөгөөд 15 сумын үйлдвэрлэл эрхлэгчид, малчид оролцож, орон нутагтаа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулж, сурталчилна.

Д.Алтантогос

  

Холбоотой мэдээ