Дундговь сүрьеэгүй аймаг болох зорилт тавьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-09-18 20:47:29

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймаг энэ оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан ЭМГ-аас “Сүрьеэгүй аймаг” болох зорилт тавин ажиллаж байна.

Аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газраас Монголын Өрхийн анагаах ухааны холбоо, Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран “Сүрьеэгүй аймаг” уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулж, удирдах ажилтнууд болон Сайнцагаан сумын багийн Засаг дарга нар, ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвийн удирдах ажилтнууд нийт 30 хүнийг хамрууллаа.

Мөн Нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн диспансер, Сайнцагаан сумын эрүүл мэндийн төв, хоёр өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нар нийт 20 эмч, мэргэжилтнүүдэд чадавхжуулах сургалт хийсэн байна.

Дундговь аймаг “Сүрьеэгүй аймаг” болох зорилгоор мэргэжлийн хоёр эмчийг бэлтгэсэн бөгөөд 10 дугаар сард сүрьеэ өвчнийг илрүүлэх аппаратыг түр хугацаагаар аймагтаа авчирч, эхний ээлжинд Гурвансайхан, Өндөршил, Говь-Угтаал, Баянжаргалан сумдад үзлэг хийхээр төлөвлөж байгаа аж. 

Дундговь аймгийн хэмжээнд сүрьеэ өвчний гаралт 2016 оны байдлаар 30 байсан бол 2017 онд 39 болж нэмэгджээ. Өвчнийг орон нутагтаа илрүүлэх аппаратгүй учраас илрүүлэх боломж гарахгүй Улаанбаатар явж оношлуулдаг байсан юм. 

Д.Алтантогос

Холбоотой мэдээ