Орхон аймаг Ордос хоттой хамтын ажиллагаа тогтооно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-09-18 21:10:12
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг нар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотын Ардын төлөөлөгчдийн хурлын Байнгын хорооны дарга Ч.Бишрэлт тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.  

Уулзалтын эхэнд аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал орон нутгийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын  ажлын талаар дэлгэрэнгүй танилцуулж харилцан санал солилцов. Тэрээр "Зочид төлөөлөгчид та бүхэн манай хотод тавтай морилно уу. Эрдэнэт хот нь Ордос хоттой цаашид соёл, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах хүсэлтэй байна. Мөн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хамтарсан төслүүдийг эхлүүлэх боломжтой” гэв.

Ордос хотын Ардын төлөөлөгчдийн хурлын Байнгын хорооны дарга Ч.Бишрэлт дээрх саналыг хүлээн авсан байна. Тэрээр “Нэг зам, нэг бүс” хөтөлбөрийн хүрээнд Эрдэнэт хоттой харилцан ашигтай хамтран ажиллах хүсэлтэй буйгаа онцолсон. Ингэхдээ эрүүл мэнд, соёл, урлаг, хот тохижилт, эрдэс баялгийн салбарт хамтран ажиллахаас гадна  хоёр хотын аж ахуйн нэгж байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Талууд дээрх уулзалтын үеэр яригдсан асуудлуудыг удахгүй ажил хэрэг болгохоор тохиролцлоо.  

Ордос хот нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны баруун өмнөд хэсэгт байрладаг. Нийт 87 мянган км.кв нутаг дэвсгэртэй,  хоёр сая гаруй хүн амтай, долоон сум,  хоёр дүүрэгтэй. Тус хот нь БНХАУ-ын эрчим хүчний нөөц хот хэмээн нэрлэгддэг. Учир нь Ордос хот нь 210 тэрбум тонн нүүрсийн нөөцтэй. Энэ нь БНХАУ-ын нүүрсний 10 том ордын нэгд тооцогддог аж.  Түүнээс гадна  4,4 их наяд куб метр байгалийн хийн тогтоогдсон нөөцтэй аж.

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ