Канадад 50 хувийн хөнгөлөлттэй 10 оюутан сургах боломж буйг дуулгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-09-18 16:42:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Шведийн Вант улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О.Энхцэцэг, Канад улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Я.Ариунболд нарыг хүлээн авч уулзлаа.


Уулзалтаар боловсрол, шинжлэх ухаан, уул уурхайн салбарт гадаад улстай харилцаагаа хөгжүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх асуудлыг хөндсөн юм. Тодруулбал, мэдээлэл технологи, цахим аюулгүй байдал, инновацийн чиглэлээр богино хугацаанд оюутан сургах боломж, дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн кембрижийн сургалтыг эх орондоо нутагшуулж, чадварлаг боловсон хүчин бэлтгэх зэрэг асуудлыг ярилцлаа. Мөн уул уурхайн чиглэлээр тэргүүлэх орны нэг Канад улсын Бритиш Коламбиа сургуулийн технологийг ШУТИС-д нэвтрүүлэх нь өндөр ач холбогдолтой гэж хэлж байлаа. Уул уурхай хөгжиж буй өнөө үед мэргэжлийн боловсон хүчин бэлтгэснээр ашигт малтмалынхаа нөөцийг таамгаар тодорхойлохгүй, грамм бүрээр тогтоодог мэргэжилтэнтэй болох аж. Үүнээс гадна Канад улс нь уур амьсгалын хувьд Монгол оронтой төстэй учир хөдөө аж ахуйн чиглэлээр хамтарч ХААИС-ийг түшиглэх асуудлыг ч хөндөв.

Канад улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Я.Ариунболд тус улсад сургалтын 50 хувийн хөнгөлөлттэй 10 оюутан сургах боломж нөхцөл байгааг дуулгаж, төлбөрт зарцуулах 160 мянган долларын асуудлыг төсвөөр дамжуулан шийдэх боломжтой эсэхийг лавлав.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Эрдэм мэдлэгтэй боловсон хүчин ирээдүйд улс орныг хөгжүүлэх учраас дэлхийн жишигт нийцсэн сургалт явуулж, мэдлэг олгох асуудлыг тавьж байгаа. Уул уурхай хөгжиж байгаа өнөө үед чадварлаг мэргэжилтэн бэлтгэх нь зайлшгүй хэрэгтэй болоод байна. Тиймээс та бүхний тавьж байгаа саналыг анхааралтай авч үзэх болно. Яамны зүгээс гадаадад өндөр технологи, инновацийн мэргэжилтэн бэлтгэхийг зорьж, оюутан солилцоо, Засгийн газрын тэтгэлгээр сургаж байгаа. Канад, Швед улсад сургах боломж байгаа бол татгалзах зүйлгүй. Хамтран ажиллах бүх боломжийг дэмжиж, туслах болно” гэв.

Мөн Бритиш Коламбиа сургуулийн технологийг ШУТИС-д, хөдөө аж ахуйн чиглэлээр ХААИС-тай хамтрахад ямар ч саад байхгүй гэсэн юм. Түүнчлэн Канад улсад 50 хувийн тэтгэлэгтэй 10 оюутан сургах төлбөрийг яаралтай шийдэх асуудлыг судалж, төсвөөс хэрхэн гарах боломжтойг ярилцахаар боллоо. 

Холбоотой мэдээ