Эссэ бичлэгээр алба хаагчдынхаа шинэлэг санааг олж болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-09-19 17:10:46

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас 2018 онд дэвшүүлсэн зорилтын хүрээнд алба хаагчдын мэдлэгур чадвар, ажлын хариуцлага, сахилга ёс зүйг дээшлүүлэх зорилгоор ахлагч бүрэлдэхүүнийг чадавхижуулах хээрийн дадлага сургуулилтыг  есдүгээр сарын 13-14д  зохион байгууллаа.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг Оргидог булаг хэмээх байгалийн үзэсгэлэн бүрдсэн  нутагт болсон сургуулилтыг “Тархиндаа гэрэл асаацгаая” нэртэй зохион байгуулсан юм. Сургалтад төвийн болон Мандал, Сайхан сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн нийт 109 ахлагч, алба хаагч хамрагдав.

Оролцсон алба хаагчдаас эрх зүйн мэдлэгийг шалгах тест авч, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх танхимын, цэргийн хэргийн мэдлэгийг бэхжүүлэх, нийтийн эмх замбараагүй байдал үүссэн үед цагдаагийн алба хаагчдын хийж гүйцэтгэх ажиллагааг сайжруулах практик сургалтыг тус тус явууллаа.

Мөн хээрийн дадлага сургуулилтын явцад алба хаагчдаас дэвшүүлсэн шинэлэг санааг үйл ажиллагаандаа тусгах үүднээс “Цагдаагийн алба хаагчийн сахилга ёс зүйг хэрхэн сайжруулах вэ?” сэдвийн дор эссэ бичлэгийн уралдаан бичүүлсэн аж.

Эссэгээр дамжуулан гарсан шинэлэг санааг нэгтгэн боловсруулж, үйл ажиллагаандаа тусган ажиллахаар төлөвлөж буй“Тархиндаа гэрэл асаацгаая” хээрийн дадлага сургуулилтын хаалтын үйл ажиллагааг Захиргааны удирдлагын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа И.Эрдэнэбилэг удирдан зохион байгуулсан бөгөөд 2018 онд цагдаагийн алба хаагчийн сахилга ёс зүйг дээдлэж, албандаа идэвхи зүтгэл гарган хамт олноо манлайлан ажиллаж байгаа зарим алба хаагчдыг шагнаж урамшуулсан байна.

Тухайлбал аймгийн Засаг даргын жуух бичгээр Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ч.Батсайхан, Баянгол сум дахь Цагдаагийн хэсгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Бат-ирээдүй, Алтанбулаг сум дахь Цагдаагийн хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Бүрнээ нар шагнагдав.

Мөн аймгийн Цагдаагийн газрын даргын баярын бичгээр Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ж.Түмэндэмбэрэл, Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Сант сум дахь цагдаа, цагдаагийн дэд ахлагч Н.Мягмарсүрэн, Цагдаагийн газрын зөрчлийн тоо бүртгэгч, цагдаагийн дэд ахлагч Н.Дөлгөөн нар тус тус шагнуулав.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ