Солонгосчууд шинэ мэдээлэл зүйн танхим байгуулж хүлээлгэн өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-09-19 16:12:07

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, БНСУ-ын Чежү тусгай мужийн боловсролын газар хоорондын хамтын ажиллагааны албан ёсны уулзалт Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотноо ёсдүгээр сарын 17-нд боллоо.

Хоёр аймгийн хамтын ажиллагааны хүрээнд энэ оны эхээр Сүхбаатар сумын улсын тэргүүний II сургуульд шинэ мэдээлэл зүйн кабинетийг байгуулан ашиглалтад оруулсан юм.

Энэ удаа танхимаа албан ёсоор хүлээлгэн өгөхөөр ирээд байгаа аж. Кабинет нь 140 орчим сая төгрөгийн өртгөөр бүтсэн байна.Дараагийн удаа Сүхбаатар сумын Улсын тэргүүний лаборатори IY сургуульд мэдээлэл зүйн кабинетийг шинээр байгуулахаар болов.

Албан ёсны уулзалтын өмнө Чежүгийн боловсролын газрын дарга тэргүүтэй төлөөлөгчдийг Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил ажлын өрөөндөө хүлээн авч уулзсан.

Тэрээр “Сэлэнгэ аймаг Жежү мужтай боловсролын салбарт багш, сурагч солилцоо хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ерөнхий боловсролын сургуулиудад мэдээлэл зүйн кабинетийг ашиглалтад оруулах зэргээр хамтран ажиллаж байгаа.

Энэ бүс нутгийн аялал жуулчлалын хөгжлөөс судалж, Сэлэнгэ аймаг аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа хэлээд боловсролын салбар дахь хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж байгаад талархал илэрхийлсэн юм.

Чежү муж нь Солонгос улсын аялал жуулчлалын гол бүс нутаг бөгөөд Монгол үндэстний өнө эртний түүхэн улбаатай дурсгалт зүйлс, хууч яриа зэрэг монголтой холбоотой түүхэн баримтууд багагүй байдаг гэдгийг зочид онцолж байв.

Мөн аймгийн БСУГ-ын дарга Ч.Жаргалсайхан,”Сэлэнгэ аймаг, Чежү мужийн боловсролын байгууллагууд 2014 оноос хамтарч ажиллах санамж бичиг байгуулж багагүй ажил амжуулсан. Эдүгээ 2019 онд хоёр байгууллагын хооронд ямар ажил арга хэмжээ зохион байгуулах  тухай талууд уулзаж санал бодлоо солилцож байна.

Чежүгийнхан Солонгосдоо төдийгүй дэлхий нийтэд мэдээлэл зүй, компьютерийн хөгжлөөрөө тэргүүлдэг.  Тийм ч учраас Сэлэнгэ аймгийн зарим сургуулиудад мэдээлэл зүйн кабинетийг байгуулья гэсэн бодолтой байгаа. Мөн багш, сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлнэ" гэв. 


                                                                                                                                                                                                   Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ