Солонгос хоорондын дээд хэмжээний уулзалтын үр дүн 19-нд тодорхой болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-09-18 15:27:08

СӨҮЛ. /ТАСС/. Солонгос хоорондын дээд хэмжээний уулзалтын үр дүн лхагва гарагийн орой тодорхой болно. Энэ тухай Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн албан ёсны төлөөлөгч Юн Ён Чан Сөүл хотод сэтгүүлчдэд зориулан тусгайлан хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

“Өнөөдрийн хувьд уулзалтаас тодорхой үр дүн хүлээх нь учир дутагдалтай юм. Учир нь лхагва гарагт дахин хэлэлцээ хийнэ. Үүний дараа л үр дүнгийн талаар ярих боломжтой” гэж тэрбээр хэлсэн байна.

Юн Ён Чан мөн өндөр дээд түвшинд хийж буй хэлэлцээнд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Инээс гадна “өөр хоёр, гурван хүн” оролцоно гэдгийг мэдээлжээ. Энэ хэлэлцээг Умард Солонгосын нийслэл Пхеньян хотод Засгийн газрын цогцолборт хийх аж.

Есдүгээр сарын 18-20 хүртэл үргэлжлэх Солонгос хоорондын дээд хэмжээний уулзалт нь түүхэнд тав дахь нь болж байгаа бол энэ жилийн хувьд хоёр Солонгосын удирдагчид гурав дахь удаагаа уулзаж байгаа юм.

Д.Жаргал

Холбоотой мэдээ