“Зуны Давос” чуулга уулзалт өнөөдөр эхэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2018-09-18 15:05:24

ТЯНЬЖИНЬ. /Синьхуа/. Энэ долоо хоногт Хятадын хойд нутгийн боомт хот болох Тяньжинь хотноо Шинэ манлайлагчдын жил тутмын уулзалт-2018 буюу “Зуны Давос” чуулга уулзалтыг зохион байгуулна. Энэ удаагийн чуулга уулзалт нь аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын үед нийгмийн шинэлэг харилцааг цогцлоох асуудалд гол анхаарлаа хандуулна.


Есдүгээр сарын 18-20-ны хооронд үргэлжлэх чуулга уулзалтын хүрээнд 200 орчим уулзалт, хуралдаан болох ба энэхүү арга хэмжээнд 100 гаруй орны 2000 гаруй төлөөлөгч оролцох ажээ.


“Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал нь зөвхөн эдийн засгийн салбарт нөлөөлөөд зогсохгүй эрүүл мэндийн үйлчилгээ, боловсрол зэрэг нийгмийн бусад салбарт нөлөө үзүүлнэ” гэж Нийгмийн шинжлэх ухааны Тяньжинь академийн дэд ерөнхийлөгч Жун Хуйбин хэлсэн байна.


“Зуны Давос” чуулга уулзалтын нээлтийн ёслолд БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көцянь үг хэлэх ба тэрбээр Эстони, Латви, Серби болон Самоа зэрэг улсын удирдагчидтай яриа хэлэлцээ хийхийн зэрэгцээ аж үйлдвэр, худалдаа, санхүү болон хэвлэлийн салбарын төлөөлөгчидтэй уулзаж, санал бодлоо солилцох ажээ.


2007 оны Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр санаачилсан “Зуны Давос” чуулга уулзалтыг Хятадын Тяньжинь болон Далянь боомт хотуудад жил бүр ээлж дараалан зохион байгуулдаг билээ.

Холбоотой мэдээ