Анхны хөнгөн атлетикийн тартан замын нээлт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-09-18 15:35:16
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Налайх дүүргийн Шинэ налайх цэцэрлэгт хүрээлэнд дэлхийн стандартад нийцсэн хөнгөн атлетикийн анхны тартан замын нээлт өнгөрсөн амралтын өдөр болов.


Найман зам бүхий 400 метр урт уг гүйлтийн талбайн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн бөгөөд Монголын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Л.Болд, нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.


Монголын Хөнгөн атлетикийн холбооныхон 2013 онд ОХУ-д болсон Олон улсын хөнгөн атлетикийн 49 дэх удаагийн чуулганы үеэр эх орондоо тартан зам бүхий цогцолбор байгуулах хүсэлт гаргасан нь уг ажлын эхлэл байсан юм. Үүний дагуу Олон улсын олимпийн хорооноос буцалтгүй тусламж үзүүлэхээр болж, Италийн “Мондо” компани 320 сая ам.долларын өртөг бүхий замыг авчирч, тус дүүргийн нутагт суурилуулсан.


Нээлтийн ёслолын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ, “Манай улс 1964 онд анх удаагаа олимпод хөнгөн атлетикийн төрлөөр оролцож байсан ч амжилт гаргаж чадаагүй. Өдгөө өмнөх амжилтууд буурсаар байна. Бэлтгэл, сургуулилалт хийх зам, цогцолбор байхгүйтэй холбоотой. Удахгүй энд цогцолбор байгуулна. Ингэснээр монголчуудын тив, дэлхийд өөрсдийгөө дархалсан бөх, боксын төрөл дээр хөнгөн атлетик нэмэгдэх боломж бүрдэнэ. Ирэх 2020 онд Азийн хүүхдийн наадмыг Монгол Улсад зохион байгуулна. Нийтдээ 40 гаруй орны хүүхдүүд 21 төрлөөр өрсөлдөх юм. Тус тэмцээнд оролцох баг, тамирчид бэлтгэл хийхэд уг бүтээн байгуулалт том дэмжлэг болно” гэлээ.


УИХ-ын гишүүн, Монголын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Л.Болд,“Аливаа спортыг хөгжүүлэхэд материаллаг бааз тун чухал. Хөнгөн атлетик бол спортын хатан хаан. Хүссэн бүхэн хичээллэж, эрүүл байх боломжтой. Монголд анх удаагаа тавьж буй тартан зам хөнгөн атлетикийг хөгжүүлэхэд ихээхэн дэмжлэг үзүүлнэ” гэв.

Тус замд 22 төрлийн тэмцээн зохион байгуулах боломжтой. Олон улсын стандартад нийцсэн материал ашиглаж, сайтар наасан тул эдэлгээ удаантай. Ирэх жилүүдэд үзэгчдийн сандал болон цогцолборын барилгыг ашиглалтад оруулснаар бүх л төрлийн бэлтгэл хийх боломж бүрдэх юм.


Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, “Засгийн газраас авхуулаад холбогдох бүх албаныхан эл бүтээн байгуулалтад гар, бие оролцсон. Тэр хүмүүсийн дэмжлэгээр өнөөдөр тартан замыг нээж байна. Ингэснээр уурхайн хот, нийслэлчүүдийн эрүүл мэнд, спортын “уурхайн” эх үүсвэр  болох нөхцөл бүрдэж байна. Цаашид улам бүр хөгжүүлж, дөрвөн улирлын турш ажиллагаатай болгоно. Нийслэлээс үүнд анхаарна” гэсэн юм.

Холбоотой мэдээ