Шамбарам өвчнийг эмчлэх аппараттай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-09-18 16:47:57


Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Нэгдсэн эмнэлэг шамбарам буюу цагаан мах гарах өвчнийг хүндрэлгүй эмчлэх  Hal-Doppler аппараттай боллоо. Уг аппаратыг ОНХС-гийн хөрөнгө оруулалтаар авчээ.Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бүдүүн шулуун гэдэсний мэс заслын тасгийн эрхлэгч, их эмч Э.Бат-Өлзий хүрэлцэн ирж эмч нарт мэргэжлийн зөвлөгөө өгч, сургалт явуулж байна.  

“Шамбарам өвчин нь шулуун гэдэсний төгсгөлд байрлах венийн судас өргөсч эмгэг байдлаар томорч цус алдах, хавдах, хүчтэй өвдөх, загатнах, хорсох зэрэг шинж тэмдгээр илэрч, хүндэрсэн үедээ хөдөлмөрийн чадварыг тодорхой хэмжээгээр алдагдуулдаг аж. Уг өвчний үед шамбарамын зангилааг дутуу авснаар зангилаанууд нь томорч дахин хагалгааны асуудал яригдах эрсдэлтэй байдаг.

Гэхдээ сүүлийн үеийн энэхүү багаж тоног төхөөрөмжийг ашигласнаар том шарх үүсгэхгүй, өвдөлт зовиур багатай бүрэн эмчлэх боломжтой болж байна” хэмээн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бүдүүн шулуун гэдэсний мэс заслын тасгийн эрхлэгч, их эмч Э.Бат-Өлзий ярив.

Уг аппаратаар шамбарам өвчний анхны хагалгааг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн эмч нар өчигдөр амжилттай хийсэн байна. Цаашид уг аппарат нь энэ төрлийн өвчнөөр зовнин суугаа олон арван иргэдийн эрүүл мэндэд чухал үүрэг гүйцэтгэх аж. Үүнээс гадна ОНХС-гийн хөрөнгөөр түлэгдэлтийн үед арьс нөхөх үүрэгтэй цахилгаан аппаратыг мөн нийлүүлсэнд эмч нар сэтгэл өндөр байна.

                                                                                                                                                                                                                                       Б.Батхүү

Холбоотой мэдээ