Нобелийн шагналт эрдэмтэн Эдвард Мозер үнэ төлбөргүй лекц уншина

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2018-09-18 12:37:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүний тархинд орон зай, цаг хугацааны мэдрэмж хэрхэн хадгалагддаг, түүнийг боловсруулах механизмийн талаар хийсэн судалгаагаар 2014 онд Нобелийн шагнал хүртсэн нэрт эрдэмтэн, тархи судлаач, доктор, профессор Эдвард Мозер энэ сарын 24-нд Төрийн ордонд үнэ төлбөргүй лекц уншина.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас жил бүр Нобелийн шагналт эрдэмтдийн лекцийг зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд анхны зочноор доктор, профессор Эдвард Мозерийг урьсан байна. Түүний лекцийн үеэр “Тархи судлал-XXI зуун” эрдэм шинжилгээний хурлыг Төрийн ордонд зохион байгуулах бөгөөд Дэлхийн тархи судлалын байгууллагын ерөнхийлөгч Пьер Магистретти, болон “Нейросайнс” олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн ерөнхий редактор Хуан Лерма болон Норвеги, Швейцар, Испани, Япон зэрэг 11 орны тархи судлалын чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн, докторууд оролцож, илтгэл хэлэлцүүлэх аж. Энэ нь Монгол Улсад тархи судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэх, үндэсний мэргэжилтнүүдээ бэлтгэх, дэлхий нийтийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхах боломж бүрдэнэ гэдгийг Монголын Нейросайнс нийгэмлэгийн тэргүүн, АШУҮИС-ийн Шинжлэх ухаан, технологийн газрын дарга Л.Баттүвшин хэллээ.


Монгол Улсад тархи судлалын чиглэлээр мэргэшсэн ердөө таван эрдэмтэн байдаг аж. Тиймээс энэ удаагийн лекцээр дамжуулан улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах боломж бүхий Тархи судлалын хүрээлэн байгуулж, эрдэмтэн судлаачдыг судалгаа явуулах, дэлхийн шилдэг эрдэмтдийг урьж туршлага солилцох боломжийг бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байгааг зохион байгуулагчид онцоллоо.


Хуралд оролцох хүсэлтэй 200 хүнийг энэ сарын 19-ны 12.00 цагаас эхлэн https://president.mn/nobellectures/ цахим хуудсаар дамжуулан бүртгэх юм.

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ