Академич Г.Лувсанцэрэн агсны нэрэмжит тэтгэлгийг 3 оюутан хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-09-17 13:15:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  МУИС-д Буддын судлалын чиглэлээр сурч буй  шилдэг оюутанд жил бүр уламжлал болгон олгодог академич Г.Лувсанцэрэнгийн нэрэмжит тэтгэлгийг 10 дахь удаагаа сонгон шалгаруулалтын журмаар хүртээлээ. Академич Г.Лувсанцэрэн агсны хүүхдүүд 2008 оноос санаачилсан уг тэтгэлэгт одоогоор МУИС-ийн Шашин судлалын салбарын 27 оюутан хамрагдаад байна.

Энэ удаа сурлага, хүмүүжил, авьяас, идэвх зүтгэлээрээ манлайлагч Шашин судлалын бакалаврын түвшний III ангийн оюутан М.Номин, магистрант А.Номин, докторант М.Ганхөлөг нар тэтгэлэг хүртэв.  Цаашид энэ тэтгэлгийг шашин судлалын салбарт тууштай суралцаж буй сургалт, эрдэм шинжилгээний ажилд амжилт гаргасан бүх түвшний оюутанд олгох боломжтой юм.

Энэ удаагийн тэтгэлэг гардуулах үйл ажиллагаанд академич Г.Лувсанцэрэн агсны хүү Л.Батжил, тус тэнхимийн багш Др.М.Гантуяа, Др.С.Янжинсүрэн, С.Дэмбэрэл болон тэнхимийн бусад багш нар оролцож, тэтгэлэг хүртсэн оюутнуудад амжилттай суралцан цаашид шашин судлалын чиглэлээр эрдэм шинжилгээний ажил хийж, шашны тухай шинжлэх ухаанч мэдлэгийг нийгэм, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, Монголд шашин судлал, буддын судлалын салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан академич Г.Лувсанцэрэн багшийнхаа үйл хэргийг үргэлжлүүлнэ гэдэгт итгэж буйгаа  илэрхийлэв.

Холбоотой мэдээ