“Оюутан мобилити”-д нэгдсэнээр өндөр хөгжилтэй улс орны боловсролыг Монголдоо эзэмших боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dogsom@montsame.mn
2018-09-17 14:36:41

 Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Кредит харилцан зөвшөөрөх, оюутан мобилити тогтолцоо” -г хэрэгжүүлснээр оюутан өөрт хэрэгцээтэй багц цагийн хичээлээ хүссэн сургуульдаа, багшаа сонгон суралцах, лаборатори судалгааны ажилд оролцох, чанартай номын сангаар үйлчлүүлж, сайн багш их, дээд сургуулиуд дунд хүртэж ажиллах боломж бүрдэх аж.  Тус санаачилгыг хамтран хэрэгжүүлэх гэрээнд “Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл”, “Монгол Германы хамтарсан Технологийн их сургууль”, “Шинэ Монгол Технологийн дээд сургууль”-ийн төлөөлөл өнөөдөр гарын үсэг зурав.  

Үйл ажиллагааг БСШУС–ын Сайдын зөвлөх Б.Ганбат болон бусад албаны төлөөлөгч нар оролцон дэмжиж ажиллахаа илэрхийлэхийн зэрэгцээ их, дээд сургуулиуд санаачилгын хүрээнд хамтарч ажиллахыг уриалав.


 Мөн Тэрбээр “Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн Үзэл Баримтлал 2030-д тусгасан мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх зорилтыг биелүүлэхээр “Судалгаанд суурилсан их сургуулийн үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газар баталсан. Үүнтэй холбогдуулан  төр, хувийн хэвшлийн технологийн хамгийн их, дээд сургуулиуд  хамтарч ажиллахаар боллоо. Энэ нь манай их дээд сургуулийн хувьд шинэ үзэгдэл. Дээрх хоёр сургуулийн санаачилгад бусад их дээд сургуулиуд нэгдснээр боловсролын чанарт ахиц гарах ач холбогдолтой. Мөн оюутан, багш нар судалгааны ажил мэдлэг мэдээллээ харилцан хуваалцаж, Олон Улсын зах зээлд магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр гаргаснаар гадагш явж суралцах биш Монголдоо өндөр хөгжилтэй орнуудын хөтөлбөрт хамрах боломжтой бүрдэнэ" гэлээ.

Оюутан мобилити тогтолцоо нь тухайн оюутанд сонголт хийх эрх чөлөөг олгосноор “уламжлалт оюутан”-ыг бие даан насан туршид суралцах чадвартай “чөлөөт оюутан” болох чадвар сууна хэмээн онцлов.

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дэд дарга, ажлын албаны захирал Ж.Ариунболд, “Чөлөөт оюутны” сурах үйл ажиллагаа, суралцахуйн үр дүн, заах арга зүй, хүрсэн үр дүнг дүгнэх нь сургалтын байгууллага, хөтөлбөрийн чанарын дотоод хяналт, магадлан итгэмжлэлээр зохицуулагдана. Боловсролын эцсийн гол зорилго нь чанартай хөтөлбөрөөр сайн мэргэжилтэн бэлтгэх. Иймийн тулд  “Шинэ Монгол технологийн дээд сургууль”, “Монгол Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль” хамтран Оюутан Мобилити”  хөтөлбөрийг эхлүүлж байгаа нь сайшаалтай. Оюутнууд сургууль дээрээ хичээлээ үзэж кредитээ цуглуулж бакалавр, магистрын зэргээ дүүргэдэг байсан бол өнөөдрөөс эхлээд кредитээр харилцан хүлээн зөвшөөрөгдөж, оюутан өөрт таалагдсан багш, хамгийн сайн гэсэн сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж буй сургуульд сурах боломжтой болж байгаа юм. Энэ нь хувийн сургуулийн оюутан Улсын сургуульд хичээлээ танхимаар буюу онлайнаар үзэх боломжтой. Оюутан өөрийн сургуульдаа харьяалагдах боловч хүссэн сургууль дээрээ таалагдсан хөтөлбөрөөр мэргэжлээ эзэмшин өөрийн сургуулиас дипломоо гардаж авна гэсэн үг. Мөн санаачилгын хүрээнд сайн багш нарын нөөц боломж, номын санг их дээд сургуулиуд дундаа ашиглах боломжтой. Дэлхийд “Академик Мобилити” гэсэн хөтөлбөр байдаг. Энэ хөтөлбөрийн нэг нь “Оюутан Мобилити” буюу оюутны шилжилт хөдөлгөөн” гэв.

Цаашдаа энэхүү тогтолцоог өргөнөөр хэрэгжүүлэх нь хүн ам, дэд бүтцийн хязгаарлагдмал нөөцтэй манай орны хувьд боловсролын чанарыг сайжруулах өндөр ач холбогдолтойг санаачлагч, дэмжигч, оролцогчид хэллээ. Тодорхой эв санааны нэгдэл дээр “Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл”-ийн ажлын албанд сургуулиуд санаачлагад нэгдэх хүсэлт  гаргавал нээлттэй аж.

 

Б.Янжиндулам

 

 

Холбоотой мэдээ