“Ном бол таны гарт барих мөрөөдөл юм” баярт 100 гаруй хэвлэлийн компани оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-09-14 15:10:44
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Үндэсний номын баяр 2018” энэ жил 24 дэх удаагаа “Ном бол таны гарт барих мөрөөдөл юм. Мөрөөдлийнхөө төлөө...” уриан дор төв талбайд эхэллээ.

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын Зохиолчдын Эвлэл, “Номын соёлт ертөнц” ТББ хамтран зохион байгуулж буй энэ удаагийн номын баярыг улсын хэмжээнд зохиолч, яруу найрагчид, аймаг, нийслэл, орон нутгийн номын сангууд, хэвлэн нийтлэгчид, хэвлэлийн газар, ном, эрдмийг сурталчилж түгээн дэлгэрүүлдэг байгууллага, уншигчид тэмдэглэн өнгөрүүлж байна.

Монголын утга зохиолын төлөөлөгчид төв талбайд цуглаж өөрсдийн уран бүтээлээ хямдралтай үнээр уншигчдад борлуулах, шинэ ном бүтээлээ дэлгэн танилцуулж, хуучны ховор содон ном олж авах, номын ертөнцөд гарч буй шинэ мэдээ, мэдээллээ солилцох, уншигч зохиолчдын халуун дотно уулзалт болдгоороо номын баярын онцлог байдаг. Энэхүү номын баярыг дэмжигч байгууллагаар Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг ажилладаг билээ.

Энэ удаагийн номын баяр Монголын Зохиолчдын Эвлэлийн 90 жилийн ойг угтан Ардын уран зохиолчдод хүндэтгэл үзүүлж, тэдний уран бүтээлийг сурталчлахын зэрэгцээ Төрийн 3 удаагийн шагналт, Ардын уран зохиолч, нэрт эрдэмтэн Ц.Дамдинсүрэнгийн мэндэлсний 110, Төрийн шагналт, зохиолч, найруулагч, орчуулагч Э.Оюуны 100 жил, Төрийн хошой шагналт эрдэмтэн зохиолч Ш.Нацагдоржийн 100 жил, хүүхдийн нэрт зохиолч, яруу найрагч Д.Содномдоржийн 90, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт Б.Нямаагийн 90 жилийн тэгш ой нь тохиож буй зохиолчдын намтар, ном бүтээлийн үзэсгэлэнг номын сангуудтай хамтран уншигчдад хүргэнэ.

Номын баярын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга Д.Цэнджав, Ардын уран зохиолч Т.Галсан, Ш.Дулмаа, Д.Цоодол нарын зохиолч, яруу найрагчид оролцов.



Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны зөвлөх, СГЗ Ц.Хулан нээлтийн ажиллагаанд оролцож үг хэлэв. Тэрбээр “Он цаг алсалж огторгуйн орчил улам цааш эргэхийн хэрээр ном оюун билэг  хүн төрөлхтөнд хичнээн хэрэгтэйг мэдэрсээр байгаа цаг үед бид амьдарч байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар зохион байгуулж буй энэ номын баяр бол Монгол Улсын, Монгол үндэсний баяр болдог. Номд мөргөе хэмээдэг бидний дотоод чинадын залбирал үеийн үед хадгалагдаж, үүнтэй зэрэгцэн эх хэл, соёлоо хадгалах замд хөтлөн дагуулаасай гэж хүсье” гэв.

Энэ үеэр Ардын уран зохиолч Б.Бааст, Т.Галсан, Ш.Дулмаа, Д.Цоодол нарт номын баярыг зохион байгуулагчид хүндэтгэл үзүүлэв.



Энэ жил 98 насыг зооглож буй Ардын уран зохиолч Бөхийн Бааст, “Би Монголын Зохиолчдын Эвлэлээс 8,9 насаар ах юм. Тиймээс дүүгийнхээ баярт ирээд байна. Утга зохиол хэзээ ч хөгширдөггүй, харин зохиолч хөгширдөг. Тиймээс уншигчдыг үргэлж залуужуулдаг уран зохиол улам хөгжин цэцэглэх болтугай” хэмээн сэтгэгдлээ хуваалцав. Харин Ардын уран зохиолч Т.Галсан, “Хүний бүтээсэн дөрвөлжин нар болбоос хүн төрөлхтнийг дотроос нь гэрэлтүүлж ариусгаж байдаг буянтай. Манай засаг төр номын баярыг зориуд тэмдэглэдэг болсон нь эдийн шуналд бузартсан хорвоог эрдэм номоор ариусгах ариусал гэж бодож байна. Орчин үеийн ухамсаргүй багачууд өдөржин утсаа маажиж өнждөг болсон энэ үед эцэг дээдсийнхээ бүтээсэн ном эрдмээр  тархи зүрхээ цэнэглэж явбаас  эзэн Чингисийн Монгол цөөхөн атлаа олны олноос дутахгүй” гэдгийг хэллээ.

Номын баярт МОНЦАМЭ агентлаг өөрийн нэрийн асартаа уран бүтээлчдийнхээ ном бүтээл, орос, хятад, япон, англи, монгол хэлээр долоо хоног тутам гардаг сонинууд, улирал тутам хэвлэгдэн гардаг “Mongolia Today” сэтгүүлээ дэлгэсэн байв.



Мөн уншигчдын дунд нэлээд эрэлттэй байдаг “Аав бид хоёр” номоороо МОНЦАМЭ агентлагийн дарга, СГЗ, сэтгүүлч Б.Ганчимэг оролцож байгаа бол судлаач, сэтгүүлч Ч.Эрдэнэ “Fax Mongolica”, сэтгүүлч Б.Болд “Монголын бизнесийн хатагтай нар”, “Хүмүүн бичиг" сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Элбэгзаяа "Аян замын тэмдэглэлүүд", яруу найрагч Г.Алтанхуяг "Шувуудын гүн ухаан" зэрэг бүтээл байв.
Олонд танигдсан “Интерном”, “Аз хур”, “Монсудар”, “Тагтаа”, “Непко”, “Мир”, “Болор судар” зэрэг 100 гаруй хэвлэлийн газрын асраас гадна нэрт зохиолчид, хуучин номын худалдаа эрхлэгчид оролцож, ном хэвлэлээ 10-50 хүртэл хувь хямдруулсанд иргэд сайшаалтай байна.

СХД-ийн III хорооны иргэн Р.Баттулга, "Номын баярт алгасахгүй оролцохыг зорьдог. Цаг завгүй их амьдралын хажуугаар нэг дороос хүссэн номоо хямдралтай үнээр худалдан авах боломжийг олгодгоороо жирийн уншигч бидний хүсэн хүлээдэг баяр. Хүн ходоодоо өдөр бүр баярлуулдаг ч тархиа тэжээж чаддаггүй. Тиймээс энэхүү номын баяр бол хамгийн гэгээн баяр юм. Номын баярыг тогтомол зохион байгуулж байгаа нь ирээдүй хойч үеийнхнийг номтой нөхөрлөхөд үүрэг гүйцэтгэж байгаа маш том хөрөнгө оруулалт юм" гэв.

Номын баярын эхний өдөр ном соёлыг дээдэлдэг албан байгууллага, иргэд олноор цуглаж хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Номын баярын өдөрлөг өнөөдөр 11.40-20.00, маргааш 11.00-18.00 цагийн хооронд үргэлжилнэ.

Хоёр дахь өдрөө “Уншигч таны оюуныг дайлья” сэдвийн хүрээнд “Болор цом”-ын тэргүүн шагналт яруу найрагч, зохиолчид өөрсдийн шүлэг, яруу найргаа толилуулахаас гадна дууны уран бүтээлийг сурталчлах, МЗЭ-ээс хуучин нэн ховордсон номыг хямдралтай худалдах зэрэг үйл ажиллагаа болох юм.
Ж.Болор

Гэрэл зургийг Б.Чадраабал
 
 

Холбоотой мэдээ