Түүхт ойн үеэр улаан хивсний ёслол болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-09-16 13:47:29
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн хөгжимт жүжгийн театрын 30 жил, Соёлын ордны 60 жилийн ойн баяр энэ сарын 15,16-ны өдрүүдэд Баруун-Урт суманд болно. Баярын бэлтгэл ажил 90 хувьтай үргэлжилж байна. Сүхбаатар аймгийн соёлын байгууллагын үе үеийн уран бүтээлчдэд зориулсан олон шинэлэг арга хэмжээнүүд энэ үеэр болно гэлээ.

Ойн баярт 200 гаруй зочид төлөөлөгчид оролцох юм байна.

“Мэргэжлийн урлагийн байгууллага учраас бидний барьж буй гол зорилго бол мэдээж баярын арга хэмжээ болно, үүнээс гадна бидэнд үлдэцтэй зүйл байх ёстой гэж үзэж байгаа. Тиймээс манай хамт олон цоо шинэ тоглолтыг тайзнаа тавихаар бэлтгээд байна. Энэ ч утгаараа бид бүх уран бүтээлчдийнхээ тоглолтын хувцсыг бүрэн шинэчиллээ. Мөн театрынхаа үүдний хэсэг, гадна засвар, ангиудын тохижилт засварын ажлыг манай уран бүтээлчид өөрсдөө хийж гүйцэтгэлээ. Баярын өдрүүдэд болох гол арга хэмжээ бол улаан хивсний ёслол болон, бэсрэг наадам байгаа. Улаан хивсний ёслол бол манай театрын хувьд анх удаа гэдгээрээ онцлог. Харин бэсрэг наадамд манай уран бүтээлчид болон бүх сумын соёлын байгууллагын ажилтнууд ирж оролцох юм. Дараагийн онцлог арга хэмжээ бол ахмад уран бүтээлчдийн “Дурсамж дуулах үдэш” нэртэй тоглолт байгаа. Үүнийг маш сайхан, үнэхээр олон хүний дурсамж сэргээсэн тоглолт болно гэж хүлээж байгаа. Энэ байгууллагаас төрөн гарсан алдар цуутай ахмадууд маань дахин тайзнаа гарна гэдэг бол үнэхээр бахархам юм” гэж Жаахан шарга театрын дарга Г.Баярцогт ярилаа.

Баярын хүндэтгэлийн тоглолтыг Монгол Улсын УГЗ Л.Гомбосүрэн найруулж байгаа юм. Мөн Улсын филармоний багш н.Мягмардорж, МУГЖ Ш.Даваахүү нар хөгжим, бүжгийн найруулга дээр тусгайлан урилгаар ирж ажиллаж байгаа аж.
 
Т.Одончимэг
Холбоотой мэдээ