Озоны давхарга, уур амьсгалыг хамгаалах нь дан ганц Засгийн газрын үүрэг биш

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
munkhbaatar@montsame.gov.mn
2018-09-13 16:03:54
@s_munkhbaatar
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүрийн есдүгээр сарын 16-нд Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр тохиодог. Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдрийг угтан БОАЖЯ-наас уриалга дэвшүүлэв.
 
БОАЖЯ-ны Озоны үндэсний албаны захирал, Ц.Адъяасүрэн, Озоны давхарга, уур амьсгалыг хамгаалах нь зөвхөн дан ганц Засгийн газрын үүрэг хариуцлага биш. Айл бүр хөргөгч, агааржуулагч гэх мэт хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмжийг хэрэглэхдээ хариуцлагатай хандсанаар энэ үйл хэрэгт бага ч болов хувь нэмрээ оруулах юм. Тэдгээрийг зохистой ашиглаж, засвар үйлчилгээг зөв хийж, зохистой хаяж устгавал хэрэглэх эрчим хүч, гарах хортой хийн ялгарлыг багасгаж чадах ба хэтэвчин дэх мөнгөө хэмнэх боломжтой" гэв.
 
Үүнээс гадна тус яам озон задалдаг бодисыг агаарт алдалгүйгээр зөв зохистой засвар үйлчилгээ хийх чадварыг эзэмшүүлэх системийг нэвтрүүлэхээр ХНХЯ-ны Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвтэй хамтран энэ чиглэлээр ажилладаг техникийн ажилтнуудад аюулгүй ажиллагаа, мэргэжлийн ур чадварын тусгай мэдлэг олгохоор болжээ.
 
Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдрийг тохиолдуулан энэ жил Монреалийн протоколын Нарийн бичгийн даргын газраас озоны давхаргаа үргэлжлүүлэн хамгаалахын зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлтийг багасгах үйл хэргээ түргэсгэж, “Дэлхийгээ сэрүүн байлгах үйл хэргээ үргэлжлүүлье” хэмээн уриалжээ.
 
Монгол Улс 1996 онд Озоны давхаргыг хамгаалах Венийн конвенц, Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд нэгдэн орсноосоо хойш озоны давхаргыг хамгаалах олон үйлст хамтран ажилласан юм.
С.Мөнхбаатар
 
Холбоотой мэдээ