“Сайнцагаан-Түншлэл 2018” үзэсгэлэн худалдаа болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2018-09-13 16:03:07
Дундговь /МОНЦАМЭ/ Есдүгээр сарын 13-14-нд Сайнцагаан сумын үйлдвэрлэгчид, хэрэглэгчдийг холбосон “Сайнцагаан-Түншлэл 2018” үзэсгэлэн худалдаа  Мандалговь хотноо зохион байгуулагдаж байна.
Энэхүү зах зээлийн өдөрлөгийг  жил бүр зохион байгуулснаар үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг зах зээлд сурталчлан таниулах, борлуулах, бусад бизнес эрхлэгчидтэй харилцаа холбоо тогтоох ач холбогдолтой байдаг.
Анх 2003 онд Америкийн олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй “Говийн санаачилга” төслийн хүрээнд болж байсан “Дундговь-Түншлэл” үзэсгэлэн худалдаа уламжлал болон жил бүр зохион байгуулагдаж, цаашлаад аймгийн Түншлэл болохын өмнө Сайнцагаан сум ийнхүү Зах зээлийн  өдөрлөгөө зохион байгуулдаг болжээ.
“Сайнцагаан-Түншлэл 2018” өдөрлөгт тус сумын 53 үйлдвэрлэгчид айраг, цагаан идээ, гурилан бүтээгдэхүүн, чихэр, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, хоол, эсгий, эсгий урлал, үндэсний болон бэлэн хувцас, бэлэг дурсгалын зүйлс, арьсан эдлэл, модон эдлэл, бетонон эдлэл, төмөр хийц зэрэг 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээрээ оролцож байна.
Оролцогчдоос Шилдэгийн шилдэг “Гран при”, Сумын шилдэг бүтээгдэхүүн–4, Тэргүүний үйлдвэрлэгч өрх, Санаачлагатай аж ахуйн нэгж, Экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч өрхүүдийг тус тус шалгаруулах бөгөөд багаа сайн зохион байгуулж оролцсон нэг багийг “Манлайлагч баг” –аар шалгаруулах ажээ.
Үзэсгэлэн худалдаанд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 үйлдвэрлэгч оролцож, өөрсдийн бүтээгдэхүүнээ танилцуулж, борлуулж оролцож байгаагаараа онцлог болж байна.
            
Д.Алтантогос
 

Холбоотой мэдээ