Сурагчдын ирсэн, гарсныг хянах “Турникет” систем нэвтрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-09-13 13:31:27
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ерөнхий боловсролын гуравдугаар сургууль “Турникет” системд шилжлээ.
Сурагчид сургуульдаа ирэхдээ цахим картыг сургуулийн үүдэнд байх тусгай төхөөрөмжид уншуулж дотогш нэвтэрнэ.Мөн гарахдаа энэ үйлдлээ дахин хийнэ.Төхөөрөмж нь  сурагчдын орсон, гарсан тухай цаг, минутын мэдээллийг эцэг эхчүүдийн утсанд шууд мессежээр илгээх бөгөөд эцэг эхчүүдийг хүүхэддээ анхаарал тавихад хялбаршуулж, хүүхдийн аюулгүй байдал хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж албаныхан тайлбарлав.
Мөн сургууль дотор нийт хэдэн хүн байгаа болон  хүүхэд, багш, ажилчид, зочин гадны хүн гэх мэтээр ялган харж болох аж. Энэ нь галын аюул, хулгай, үймээний үед хэрэгтэй аж. Гадны хүн чөлөөтэй нэвтрэхээс хамгаалах ба жижүүр анги гэж хүүхдүүд үүдэнд зогсдог байдлыг халах аж. Захирал, хичээлийн эрхлэгч аль ангид ирц хэдэн хувьтай, хэн гэдэг хүүхэд ирээгүй зэрэг мэдээллийг харж болох гэнэ.
Дээрх тоног төхөөрөмжийг Замын-Үүд сумаас сонгогдсон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Г.Цогтбаатар, Г.Амарсайхан, У.Энхмаа нарын дэмжлэгээр орон нутагтаа нэвтрүүлжээ.  Дашрамд дурдахад 2017 оны 11 дүгээр сард тус сумын Ерөнхий боловсролын  II сургуулийн гуравдугаар ангийн сурагч 8 настай охин сураггүй алга болоод өдийг хүртэл олдоогүй юм.
Тиймээс сурагчдыг бүртгэдэг “Турникет” систем нэвтрүүлснээр аливаа гэмт үйлдлээс сэргийлэх, эцэг эхчүүдийн хүүхдүүддээ тавих анхаарал, хараа хяналтыг сайжруулах, сургуулийн орчныг хянах чухал ажил боллоо гэж  албаныхан үзэж байна.
Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ