“Эрүүл Эрдэнэт хүн” аяны хүрээнд элэгний хорт хавдрын зургаан тохиолдлыг илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-09-13 08:55:27
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Энэ онд хэрэгжүүлж байгаа “Эрүүл Эрдэнэт хүн” аяны хүрээнд өнөөдрийн байдлаар элэгний үзлэг, оношилгоонд 296 хүн хамрагдсанаас хорт хавдартай 6, ходоод, улаан хоолойн хавдар илрүүлэх дурангийн шинжилгээнд 500 хүн хамрагдаад байна. Уушгины үзлэг, оношилгоонд 107 хүн хамрагдсанаас сүрьеэ өвчтэй дөрвөн тохиолдол илэрсэн байна. Мөн БЗХӨ-өөс урьдчилан сэргийлэх сургалтад 475 хүн, нарийн мэргэжлийн эмчийн хяналтад 124 хүн хамрагджээ.
“Эрүүл Эрдэнэт хүн” аяныг аймгийн ЗДТГ, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, “Медипас” эмнэлэг, “Эрүүл Эрдэнэт хүн” ТББ хамтран зохион байгуулж байна. Энэ оныг дуустал аян үргэлжлэх бөгөөд оюутан, залуус, зорилтот бүлэгт чиглэсэн юм. Үзлэг, оношилгоо, сургалтын бүх зардлыг орон нутгаас санхүүжүүлж байна.
Монгол Улс улаан хоолойн хорт хавдраар дэлхийд дөрөвт, ходоодны хорт хавдраар хоёрт, элэгний хорт хавдраар  нэгд  орж байна. Иймд Орхон аймгийн Засаг дарга Д.Батлутын ивээл дор “Эрүүл Эрдэнэт хүн” аяныг 2018 онд хэрэгжүүлж хүн амд зонхилон тохиолдож буй элэг, улаан хоолой, ходоодны хорт хавдар, БЗХӨ, сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байгаа юм.
Б.Оюун-Эрдэнэ
 
 
 

Холбоотой мэдээ