Орхон аймаг төв замаа өргөтгөж дөрвөн эгнээ болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-09-13 08:41:00
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Энэ онд Орхон аймаг улсын болон орон нутгийн төсвийн 17 тэрбум төгрөгөөр 130 гаруй бүтээн байгуулалтын ажил хийлээ. Үүнээс товч дурдвал, улсын төсвийн 1.5 тэрбум төгрөгөөр Баян-Өндөр сумын  Цагаанчулуут багийн 1000 шахам метр хоёр эгнээ авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөж явган хүн, дугуйн замыг шинээр байгууллаа. 

Уурхайчин багт буюу 1 дүгээр сургуулийн дэргэд 928 хүүхдийн багтаамжтай сургуулийг улсын төсвийн 4.2 тэрбум төгрөгийн хөрөнгөөр барьж байна. 50х20 харьцаатай, хичээлийн танхимууд болон спорт, урлагийн заалтай  гурван давхар уг барилга ирэх онд ашиглалтад орно. Энэ жил суурийн давхрыг нь цутгажээ.
Орон нутгийн төсвийн 392.3 сая төгрөгөөр “Баян” худалдааны төвөөс Хүүхдийн ордны уулзвар хүртэлх 540  метр үргэлжлэх хатуу хучилттай авто замыг шинээр барьж хашлага, босоо болон хэвтээ тэмдэглэгээг бүрэн шинэчилжээ.  Мөн  Уртын гол, Их-Залуу, Булаг багт  гурван км үргэлжлэх сайжруулсан шороон зам барихад 70.7 сая төгрөг зарцуулсан байна.
Түүнчлэн орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2115 м.кв, “Аваар”-ын зардлаар 2200 орчим м.кв авто замын нөхөөс, Шанд, Их-Залуу, Уртын гол, Говил, Баянцагаан багт 11 байршилд автобусны буудал байгуулжээ.
Хөрөнгө оруулалт нь олон жил саатаад байсан Баянбулаг багийн 150 хүүхдийн цэцэрлэгийг  энэ онд барьж дуусгалаа. Улсын төсвийн нэг тэрбум 77 сая төгрөгөөр барьсан уг цэцэрлэг ирэх сард нээлтээ хийнэ гэж Хот байгуулалт, барилга, захиалагчийн албанаас мэдээллээ.
Б.Оюун-Эрдэнэ
 

Холбоотой мэдээ