Хэрэглэгчдийг халаалт авахад бэлэн байхыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-09-13 00:45:00
Дархан-Уул /МОНЦАМЭ/.“Дарханы Дулааны Сүлжээ ” ТӨХК аж ахуйн нэгж байгууллага, хувийн орон сууцны хэрэглэгчтэй байгуулах “Дулааны эрчим хүч хэрэглэх” гэрээг энэ сарын 3-наас 10 дугаар сарын 3-ны хооронд хийж байна. Иймээс гэрээ хийхээр ирэхдээ хэрэглэгчид халаалт авахдаа бэлдэх зүйл, ямар материал бүрдүүлэх талаар тус ТӨХК-иас мэдээллээ.

 Үүнд
1. Гэрээний дэвтэр
2. Дулааны тоолуур, сопло, манометрийн баталгаажжуулалт
3. Шахалтын акт
4. Заагийн схемийн зураг
5. Байгууллагын тамга тэмдэг
6. Төлбөр төлсөн баримт
7. Халуун усны тоолуурын заалт, гэрчилгээ
8. Хувийн орон сууцны барилгын фото зургаа А4 цаасан дээр өнгөтөөр хэвлүүлсэн байх шаардлагатай бөгөөд энэ хугацаандаа гэрээгээ хийгээгүй тохиолдолд гэрээний дагуу хариуцлага тооцдог байна. 
2018 оны 09 дүгээр сарын 15-наас нийтийн зориулалттай орон сууцны байруудын халаалтыг залгаж эхлэхийн тулд халаалтын системийг усаар дүүргэх ажил есдүгээр сарын 10-14-нд урьдчилан хийгдэж байгаа тул Сууц Өмчлөгчдийн Холбоодын дарга нар орон сууцны зоорийн давхрын дулааны зангилаа руу орох хаалганы түлхүүр, подваль эзэмшигч нарыг бэлэн байлгах, зоорийн давхрын нохой бөөсийг устгах арга хэмжээ авахыг анхаарууллаа.
Эрчим хүчний сайдын тушаалд зааснаар Дархан-Уул аймгийн Дархан сумын төвлөрсөн болон төвлөрсөн бус дулаанаар хангагддаг эмнэлэг, сургууль, цэцэрлэг, орон сууцны байруудын халаалтын эхлэх хугацааг тухайн оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөр, дуусах хугацаа дараа оны 05 дугаар сарын 15-ны өдрөөр, бусад аж ахуй нэгж байгууллагуудын халаалтын эхлэх хугацааг 10 дугаар сарын 01-ны өдрөөр, дуусах хугацааг дараа оны 05 дугаар сарын 01-ны өдөр  байх юм.
Мөн гадна агаарын температур буурч, өвлийн ачаалалд шилжихтэй холбогдуулан хот суурин газрын дулаан хангамжийн хэвийн найдвартай үйл ажиллагааг хангах зорилгоор тухайн оны 11 дүгээр сарын 01-ны өдрөөс дараа оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл дулааны шугамаас огтолгоо авч сүлжээнд хэрэглэгч шинээр холбохгүй байх, аваар болон ослоос бусад шалтгаанаар дулаан хангамжийн ажиллагааг зогсоох боломжгүй юм. 
 
Л.Отгонбаатар

Холбоотой мэдээ