Хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ач зээ нарт хүндэтгэл үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-09-16 13:45:07
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан Дархан-Уул аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс тус аймгаас нөхөн олговор авсан хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ач зээ нарыг 2018 оны 09 дүгээр сарын 10-ний өдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн хуулийн шинэчлэлтийн талаар болон салбар комиссоос хийж буй ажлыг танилцууллаа.
Түүнчлэн уламжлал ёсоор Хараагийн Дарь Эхийн Гэцогдаржаалин хийдэд буяны ерөөл хурж, 108 зул өргөх үйл ажиллагааг зохион байгуулав. Энэ удаагийн “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгдсийн дурсгалыг хүндэт” өдөрт 30 орчим иргэн оролцлоо.
Дархан-Уул аймгийн хэмжээнд улс, төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн үр, хойч болох 60 гаруй иргэн амьдардаг аж.Эдгээр иргэдэд төрөөс олгох буцалтгүй тусламж, нөхөн олговрыг олгодог байна.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж орон гэрээ хураалгасан олон иргэд байсан аж. Тэдгээр иргэдийн эхнэр болон нөхөрт улсаас түүнтэй адилтгах хэмжээний мөнгөн олговор олгоно гэж заасан. Үүний хүрээнд Дархан-Уул аймагт амьдардаг 2-3 хүнд орон гэртэй нь тэнцэх санхүүжилт болох тус бүр 60 сая төгрөгийг өнгөрсөн хугацаанд олгосон талаар аймгийн “Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар”  комиссын нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ мэдэгдлээ.
Дашрамд 2018 оны нэгдүгээр сарын 12-нд Засгийн газраас улс төрийн хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийг шинэчлэн баталсан юм. Уг хуулиар хэлмэгдэгсдийн амьд сэрүүн байгаа ар гэрийнхэнд 40-80 сая хүртэлх төгрөгийн нөхөн олговор олгож, цагаатгах ажлыг 2020.12.31 хүртэл үргэлжлүүлэхээр болсон юм. Дашрамд дурдахад, уг хууль мөрдөгдөж эхэлсэн 20 жилийн хугацаанд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч, тэдний гэр бүлийн 18.178 иргэнд 16.4 тэрбум төгрөгийн нөхөн олговор, амьд сэрүүн байгаа хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр, нөхөр болох 153 иргэнд орон сууц, 204 иргэнд орон сууц орлосон мөнгөн олговор олгожээ.
 
Л.Отгонбаатар

Холбоотой мэдээ