Өрхийн эмч нар архинд донтолтоос урьдчилан сэргийлэхэд суралцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
mn_montsameuser@montsame.mn
2015-09-06 16:25:04

Хуульзүйн яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн хамтран “Архинд донтох эмгэг, түүнээс урьдчилан сэргийлэх, зан үйлийг өөрчлөх” сэдэвт хоёр өдрийн сургалтыг   ЭМСЯ-нд зохион байгуулав.

Энэхүү сургалтад 100 гаруй Өрхийн эмч хамарсан бөгөөд архинд донтох эмгэгээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, эмч мэргэжилтнийг чадавхжуулах зорилготойгоос гадна  анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэхэд суралцав.
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн эрүүл мэндийг дэмжих сургалт судалгаа арга зүйн дарга Ч. Энхзул “Тухайн хорооны өрхийн эмч архи хэтрүүлэн хэрэглэдэг иргэдтэй  хэрхэн ажиллах, зан үйлийг хэрхэн өөрчлөх талаар сургалт боллоо. Өөрөөр хэлбэл сэтгэлзүйг нь архинаас татгалзах хүртэл дадлыг суулгах хүртэл эмчилгээ үргэлжилнэ гэсэн үг. Үүнд хамт олон гэр бүлийн оролцоо маш чухал. Америкт гэхэд архи уугаагүй өдрийн тоог ханан дээр жаазлан урамшуулдаг. Бараг хүн бүр сэтгэлзүйч эмчтэй, асуудал тулгарах үед гарах арга замыг нь зааж өгдөг. Энэ нь тухайн хүн сэтгэлийн тэвчээрээ алдаж, архинд донтохоос урьдчилан сэргийлэх ач холбогдолтой” гэлээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар нэг хүнд ногдох архины хэмжээ  6-9 литр болоход тухайн улс аюулд өртсөн гэж үздэг байна. Монголд архины хэрэглээ нэг хүнд 9,8 литр байгаа нь аюулын харанга аль хэдийн дэлдээд буйг НЭМГ-ын судалгаа харуулж байна.  Насанд хүрсэн хүн амын 51.2 хувь нь согтууруулах ундаа хэрэглэж байгаагийн 8 хувь нь эмэгтэйчүүд байна.
Энэхүү сургалт нь Эрүүл мэнд, Спортын яаманд 4 өдөр үргэлжлэх бөгөөд энэ сарын 27-нд   Өрхийн нийгмийн 100 ажилтныг хамруулах ажээ.

Э.Энхсайхан

関連ニュース
コメント