Монгол, Хятадын зураачдын хамтарсан үзэсгэлэн нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-09-18 16:33:19

Монгол-БНХАУ-ын хамтын ажиллагааны хүрээнд "Тал нутгийн аялгуу" цуврал үзэсгэлэнг  ирэх сарын 20-ноос БНХАУ-ын Бээжин хотын Хааны ордны Тиа миу галерейд, ирэх 12 дугаар сарын 1-нээс Монголын Уран зургийн галерейд тус тус зохион байгуулна.

2014 онд Монгол Улс, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд "Дуньхуаны сувдыг түүхүй" үзэсгэлэнг Монголын Уран зургийн галерейд зохион байгуулсан билээ. Энэхүү үзэсгэлэнгийн үеэр тус галерейн зүгээс Хятадын Уран зургийн академийн удирдлага, Хөх хотын даргатай харилцан зөвлөлдөж хоёр орны соёл урлагийг танин мэдүүлэх, туршлага солилцох, Монгол зураачдыг Азийн урлагийн салбарт таниулах зорилгоор 2 жил тутамд харилцан айлчилж “Уран бүтээлийн аян” үзэсгэлэнг гаргаж байхаар тохирсон юм.

Үүний дагуу  зохион байгуулах эл үзэсгэлэнд хоёр улсын тухайн салбарын шилдэг 20, 20 уран бүтээлч үндэснийхээ ахуй амьдрал, хөгжил дэвшил, зан заншил, чөлөөт сэтгэлгээний дүрслэх урлагийн 6 төрлөөр 160 орчим бүтээлээр оролцох юм.

Хоёр орны Дүрслэх урлагийн салбарыг шинэ шатанд гаргах, дэлхий нийтийн анхааралд Монголын талаар эерэг хандлага бий болгох, бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, Монголын уран бүтээлчид дэлхийн зах зээлд гарах чухал гарц болно хэмээн үзэсгэлэнг зохион байгуулагчид үзэж байна. 

Ж.Болор

関連ニュース
コメント