МАХН-ын анхан шатны байгууллагуудын зөвлөгөөн болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-09-18 14:34:22

МАХН-ын анхан шатны байгууллагуудын Улаанбаатар бүсийн зөвлөгөөн дөрөв дэх өд­рөө үргэлжилж, Сүх­баатар дүүргийн сон­гуультан, идэвхтэн ги­шүү­дийн тө­лөөлөл оролцлоо.

Төлөөлөгчдөд “Улаанбаатарчуудад тулгамдаж байгаа асуудлууд”, “Социал демократ үзэл ба Монгол Улс”, МАХН-ын дүрэм ба НАШБ, “Эвтэй гудамжныхан төсөл”, “Улс төрийн сонгуулийг амжилттай явуулах арга замууд” зэрэг олон илтгэл хэлэлцүүлсний дотор УИХ-ын гишүүн Ч.Улааны “Улс төрийн өнөөгийн нөхцөл байдал, чиг хандлага” сэдвээр илтгэл тавив. Тэрбээр илтгэлээ нийгмийн баялгийг хэрхэн шударга хуваарилах, ажлын байрыг нэмэгдүүлэх арга, гадаад дотоод эдийн засгийн нөхцөл байдал, гадаадын хөрөнгө оруулалтын үр дагавар, нөлөөлөл зэрэг асуудлыг улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдалтай уялдуулан тавьсан аж. Мөн өнөөгийн хүндрэлтэй нөхцлөөс гарахын тулд ямар боломж гарц байгааг илтгэлдээ дурджээ.

Зөвлөгөөний үеэр Төр, нийгмийн нэр зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 99 жилийн ойн өдрийг тохиолдуулан түүхийн ухааны доктор Н.Цэрэн “Маршал Ю.Цэдэнбалыг огцруулсан хуйвалдааныг хэн, хэзээ илчлэв” сэдэвтэй илтгэл тавьсан байна. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн МАХН-ын байгууллагаас 2016 оны сонгуулийн бэлтгэл хангах чиглэлээр хийж байгаа ажлынхаа талаар тус дүүргийн МАХН-ын хорооны дарга Д.Батзориг танилцуулсан.

Тус зөв­лөгөөн ирэх 7 хоногт өндөрлөх бөгөөд намын анхан шатны байгуул­лагуудын гишүүдийн санал бодлыг сонсохоос гадна УИХ-ын гишүүд, эрдэмтэн докторууд олон сэдвийн илтгэл хэлэл­цүүлэх гэнэ.

Б.Туул

 

関連ニュース
コメント