Ойн салбарын үүсэл хөгжил 1924-оноос эхтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
mn_tuul@montsame.mn
2015-09-18 14:21:10

Ой модны салбарын ажилчдын өдрийг угтаж БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр ойн салбарын үүсэл хөгжил, хэтийн чиглэл, тулгамдаж буй асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэж буй талаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл хэвлэлийн хурлын эхэнд хэлэхдээ, 1924 онд Ерөө, Хараа, Улаанбаатарт ойн аж ахуй байгуулагдсанаар уг салбарын үүсэл эхлэлтэй гэдгийг онцлоод Засгийн газрын өнгөрсөн оны 103 дугаар тогтоолын дагуу  Ой модны салбарын ажилчдын өдрийг жил бүрийн 9 дүгээр сарын гурав дахь ням гарагт тэмдэглэдэг уламжлал тогтсон. Ой модны салбарын 91 жил, Монголын Ой модны салбарын ажилчдын өдрийг тус салбарынхан Төрөөс ойн талаар баримтлах бодлогын баримт бичгийг УИХ-аар батлуулан, Ойн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсан амжилтаар ойгоо угтаж байна” гэсэн юм. Мөн тэрбээр сүүлийн жилүүдэд намар, хаврын улиралд мод тарих иргэд, аж ахуй нэгж, байгууллагын тоо нэмэгдэж, нийгэмд сэтгэлгээний өөрчлөлт гарсан гэдгийг тодотгов.

Өнөөдрийн байдлаар ойн салбар нь зөвхөн БОНХАЖЯ-ны хамаарах асуудал мэт ойлгодог нь тун хязгаарлагдмал ойлголт гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байв. Тодруулбал, мод бэлтгэх боловсруулах үйлдвэрлэлийг Аж үйлдвэрийн яам, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, ойтой холбогдолтой стандартыг мөрдүүлэх, хяналт шалгалт хийх ажлыг МХЕГ, ой хээрийн түймэртэй тэмцэх хэргийг ОБЕГ, ой модны хулгайн гэмт хэргийг Цагдаагийн байгууллага хянан шийдвэрлэж, анхааралдаа байлгадаг байдаг аж. Түүгээр зогсохгүй ойг хамгаалах, нөхөн сэргээхэд жирийн иргэнээс салбарын яам хүртэл түвшинд яригддаг нь ой мод гэдэг өөрөө иргэн, айл өрх, улс орон цаашлаад эх дэлхийн асуудал болж очдог байна. Тиймээс энэ өдөр тус салбарын ажилтан ажиллагсад бодлогоо тодорхойлох, хууль тогтоомж сурталчлах, ахмад болон залуу үеийн залгамж холбоог бэхжүүлэх, ажил үйлсээ тайлагнах зэргээр тэмдэглэж ирсэн гэдгийг хэвлэлийн хурал зохион байгуулагчид хэллээ.

関連ニュース
コメント