Сэтгүүлч Э.Хүрэлбаатар “Балдорж”-ийн нэрэмжит шагнал хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2015-09-17 13:12:19

“Балдорж” сангаас долоо дахь жилдээ зохион байгуулж буй сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах ёслолын ажиллагаа “Улаанбаатар” зочид буудалд өчигдөр боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди үг хэлснээр шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа эхлэв. Шилдэг арвыг тодруулсны дараа “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Э.Хүрэлбаатар энэ оны “Балдорж” шагналтан боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүн шагналыг гардуулж хэлсэн үгэндээ “Аливаа шагнал хүнд урам өгдөг, хүний мөн чанарыг харуулдаг. Шагнал авах хүн шийтгүүлэх хүнээс олон байдаг учир шагнах нь шийтгэхээс хэцүү. Шагнал авч урамшаад улам илүү ажиллаж, шагналынхаа энд тэнцэж байгаа хүнийг харахад сайхан байдаг. Шагнал аваад урам хугалж, нүүр улайлгах хүн ч мэр сэр байдаг. “Балдорж” шагнал авсан сэтгүүлчид маань бид бүхний урмыг хугалахгүй гэдэгт найдаж байна.

Төрийг эн тэнцүү хардаг хүмүүс бол сэтгүүлчид. Нээлттэй нийгэмд төрийг шүүмжлэхэд хамгийн хялбар байдаг. Ялангуяа нэрээ нууцлан төрийг шүүмжлэх нь хамгийн адгийн хэрэг. Аливаа зүйлийг ор үндэслэлгүй, баримт нотолгоогүй, хөндлөнгөөс шүүмжилнэ гэдэг сайн сэтгүүлчийн хийдэг ажил биш юм.

Ингээд энэ хүндтэй шагналыг авсан болон өнөөдөр авч байгаа сэтгүүлчиддээ дахин баяр хүргэе. Миний хувьд “Балдорж” шагнал гардуулах ёслол хүндтэй байр суурь эзэлдэг. Энэ арга хэмжээд жил бүр оролцож байгаадаа сэтгэл дүүрэн байдаг. Ц.Балдоржийн үйл хэргийг амжилттай үргэлжлүүлж яваа та бүхний ажилд амжилт хүсье. Баярлалаа” хэмээв.  

関連ニュース
コメント