Японы ХАА-н техникийн арга зүйг Монголын газар тариаланд нэвтрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-16 17:48:28

Сэлэнгэ аймгийн Сант суманд Монгол- Японы хамтарсан Хөдөө аж ахуйн модель загварын аж ахуй байгууллаа.

Энэ сарын 14-ний өдөр болсон энэхүү үйл ажиллагаанд Монгол-Японы ХАА-н хамтын нийгэмлэгийн ерөнхийлөгч Кога Иссей болон нийгэмлэгийн дарга Т.Хасбаатар, Сант сумын Засаг дарга Д.Өлзийбадрах, Японы ХАА-н техникийн холбооны ерөнхийлөгч болон Японы Хоккайдо мужийн төмс, хүнсний ногооны техник үйлдвэрлэгч компанийн төлөөлөгчид оролцлоо.

Тус нийгэмлэг нь Сант сумын нутаг дэвсгэрт 5 га газарт хүнсний нарийн ногоонуудыг тариалж байгаа юм. Дөрвөн сарын өмнө Япон Улсаас цагаан лууван, эрдэнэ шиш, вандуй зэрэг хүнсний нарийн ногооны олон үрийг оруулж ирэн Сант сумын нутаг дэвсгэрт тариалж эхэлжээ. Эл ажил нь маш үр дүнтэй байгаа гэнэ. Иймээс тус сумын нутагт хүнсний олон төрлийн нарийн ногоо тариалах бүрэн боломжтой гэж үзсэн байна. Энэхүү үйл ажиллагаа нь хоёр улсын хооронд байгуулсан эдийн засгийн хамтын ажиллагааны түншлэлийн гэрээний хүрээнд хийж байгаа аж. Энэ үеэр Японы ХАА-н техникийн арга зүйг Монгол Улсын газар тариаланд нэвтрүүлэх нь чухал гэдгийг нийгэмлэгийн төлөөлөгчид хэлж байлаа. Нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зүгээс багахан газар зөв технологиор, сайн үр ашиглан тариалалт хийх нь ХАА-н салбарт илүү их боломжийг олгодог. Тэгвэл энэхүү модель загварын аж ахуйг Сант суманд байгуулж байна хэмээн хэлсэн.  

Ч.Отгонцэцэг

 

関連ニュース
コメント