Төрийн ордонд цэцгийн үзэсгэлэн гарав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-09-16 17:33:38

Төр засгийн үйлчилгээ эрхлэх газраас өнөөдөр Төрийн ордонд “Цэцгийн үзэсгэлэн худалдаа” зохион байгууллаа.

Уг үзэсгэлэн худалдаанд 67 нэр төрлийн цэцэг ургамал дэлгэн тавьсан байв. Үзэсгэлэн худалдааг Төрийн ордон дахь цэцэг, ногоон байгууламжийн нэр төрлийг олшруулах, өөрсдийн ажил үйлсийг сурталчлах, тасалгааны цэцэг ургамлын арчилгааны талаар заавар зөвлөгөө өгөх, тодорхой хэмжээний санхүүжилт бүрдүүлэх зорилгоор зохион байгуулж байна гэж тус газрын захирал Д.Нямжав хэллээ.  

Өнөөдрийн байдлаар Төрийн ордны 4 давхар бүхий байгууламжид нийт 2700 гаруй цэцэг ургамал байдаг байна. Эдгээр цэцэг ургамлыг хоёр ч газар тарьж үрслүүлдэг аж. Энэ бүхнийг 3 хүн хийж гүйцэтгэж ирсэн бөгөөд нийт 117 орчим нэр төрлийн цэцэг ургамал тарьдаг байна. 

Харин цэцэгчин Э.Нямцэцэгээс албан тасалгаанд ямар цэцэг тарих нь тохиромжтой, ургалт сайтай байдаг, хаана байршуулвал зохистой талаар зөвлөгөө авахад, "Бид дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн топ 10 цэцгийг тарьж ургуулдаг. Эдгээр бүх цэцгийг Төрийн ордонд байршуулсан байгаа. Албан өрөөнд хэт их цэцэглэдэг чимэглэлийн цэцэг тохиромж муутай байдаг. Тиймээс амархан үхэж, ялзарч мууддаг бус хүний эрүүл мэндэд тустай, өнгө үзэмж нэмэгдүүлдэг,  тасалгаанд тэсвэртэй цэцэг ургамлыг сонгож тарьдаг. Тухайлбал, Уданбор цэцэг гэхэд нян устгадаг байхад мөнхрөө 100 хувь агаарыг чийгшүүлдэг байх жишээтэй. Ер нь тасалгааны цэцэг гэрэлтэй дулаан нөхцөлд ургадаг. Савны хувьд шавар ваар зохимжтой. Гэхдээ ваарны дотор тал битүү шаазангаараа биш, шавараараа байх нь тохиромжтой. Дотор тал нь шаазан ваар хөрсийг ялзалдаг сул талтай" гэлээ.

Энэ үеэр цэцэг сонирхогчид цэцэгчдээс зөвлөгөө авч, өрөө тасалгааныхаа цэцгийг шилжүүлэн суулгуулсаны зэрэгцээ үрслэгээнээс аваад нэг метр орчмын өндөртэй ургамлуудыг худалдан авч байв.

Б.Туул

関連ニュース
コメント