С.Эрдэнэ: Энэ ондоо тэтгэвэр тэтгэмжийг хүндрэлгүй олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-09-16 14:07:53

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

-Эдийн засаг хүндэрсэн энэ үед тэтгэвэр тэтгэмж, нийгмийн халамжийн мөнгийг олгоход хүндрэл үүсч байна уу?

-Эхний 9 сарын байдлаар тэтгэвэр тэтгэмж дээр ямар нэг хүндрэл гараагүй. Мэдээж амар байсан гэж хэлэхгүй. Гэхдээ олгох ёстой нийгмийн халамж, тэтгэвэр тэтгэмжийн мөнгийг цаг хугацаанд нь олгож ирлээ. Ер нь бол салбарын яам тэтгэвэр тэтгэмжийг цаг хугацаанд олгох бодлогыг барьж ажиллаж байна.

-Оны төгсгөлд улс орны санхүү нэлээд хүндэрнэ гэцгээж байна. Тэтгэвэр олголт саатах нөхцөл үүсэх юм биш биз?

-Салбарыг хариуцаж байгаа сайдын хувьд хэлэхэд энэ ондоо тэтгэвэр тэтгэмжийг хүндрэлгүй олгоод явна.

-Ажилласан жил нөхөн тооцуулах тухай хуульд олон хүн хамарч, тэр хэрээр тэтгэвэрт гарах хүний тоо нэмэгдсэн. Энэ нь тэтгэврийн даатгалын санд ачаалал үүсгэсэн үү? Ирэх жилүүдэд тэтгэвэрт гарах хүний тоо хэдэн хувиар нэмэгдэх төлөвтэй байна вэ?

-Ажилласан жил нөхөн тооцуулах тухай хууль маш амжилттай хэрэгжсэн. Улсын хэмжээнд 578 мянган хүн хамрагдсан байдаг. Нэг талдаа тэтгэвэрт гарах хүний тоо нэмэгдсэн ч шимтгэл төлөх хүний тоо нэмэгдсэн. Энэ нь балансжуулсан хэрэг болсон.

Бүхэлд нь авч үзвэл манай орны хүн амын цонх үе нэн тааламжтай цаг үедээ яваа. Нийт хүн амд эзлэх хөдөлмөрийн насны хүн ам 60 орчим хувьтай байна. Энэ нь аль ч улс оронд байхгүй хувь хэмжээ. Ийм цаг үед нийгмийн хамгааллын бодлогоо цэгцлэх, оновчтой болгож ажил хэрэг болгох хэрэгтэй.

Ирэх жилүүдэд монгол орны хүн амын дунд насжилт нэмэгдэнэ. 2030 он гэхэд нийт хүн амд эзлэх тэтгэврийн насны хүний тоо 30 орчим хувьд хүрнэ. Одоогийн түвшинд энэ тоо 14 орчим хувьтай байгаа. Тэгэхээр энэ тоо нэг дахин нэмэгдэнэ гэсэн үг. Тэр хэмжээгээр тэтгэврийн даатгалын сангийн ачаалал нэмэгдэнэ. Төсөв дээр ч ачаалал ирнэ. Энэ бүхнийг одооноос бид зөв тооцох ёстой байгаа юм. Одоо бол 3 баялаг бүтээгч дунд нэг тэтгэвэр авагч ногдож байгаа. Тодорхой хугацааны дараа нэг баялаг бүтээгч иргэнд 3 тэтгэвэр авагч ногдох цаг үе ирнэ гэсэн үг.

-Өнгөрсөн 7 хоногт УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд сар бүр мөнгөн тэтгэмж олгох хуулийн төсөл өргөн барьсан. Энэ хуулийн төсөл батлагдвал хэрэгжих боломж өнөөгийн түвшинд бий юу?

-Улстөрч болгоны гаргасан санаа оноог авч хэрэгжүүлнэ гэвэл улс орны эдийн засаг дийлэхгүй. Бодит боломжоо зөв тодорхойлох ёстой.  Би О.Баасанхүү гишүүний хийж байгаа алхамыг буруу гэж хэлэхгүй, хэрэгжүүлэх боломж байгаа юу гэдэг дээр судалгаа дүгнэлт бага хийсэн юм уу гэж харж байна.

 

Б.Туул

関連ニュース
コメント