Хугацаа хэтэрсэн зээл 3 дахин өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-16 13:11:13

Увс аймагт зээлийн өрийн үлдэгдэл 161.9 тэрбум төгрөгт хүрч, үүнээс хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 3861.4 сая төгрөг болж ноднингийн мөн үеэс бүх зээлийн үлдэгдэл 1.5 тэрбум төгрөгөөр буюу 0.9 хувиар, хугацаа хэтэрсэн зээл 2.6 тэрбум төгрөгөөр буюу 3 дахин өсөөд байна. 


Үндсэндээ 1070.9 сая төгрөгийн найдваргүй зээл байгаа нь нийт зээлийн өрийн үлдэгдлийн 0.7 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн оны мөн үеэс 855.5 сая төгрөгөөр буюу 5 дахин өсчээ. Аж ахуйн нэгж, иргэдэд олгосон зээлийн үлдэгдэл өмнөх 3 жилийн дунджаас 42.1 тэрбум төгрөгөөр буюу 35.1 хувиар өссөн байна.  
Зээлийн өрийн үлдэгдлийн хэмжээгээр Хаан, Хас банк тэргүүлж байгаа бөгөөд тэдгээрийн зээлийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 79.5 хувьтай тэнцэж байгаа аж. 
Иргэдийн хадгаламжийн үлдэгдэл 58.7 тэрбум төгрөг болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 4.4 тэрбум төгрөгөөр өсчээ. Сүүлийн 4 жилийн дунджаас иргэдийн хадгаламжийн үлдэгдэл 17.4 тэрбум төгрөгөөр буюу 42 хувиар өссөн аж. 
 Арилжааны банкууд иргэд, аж ахуй нэгжийн 58.7 мянган зээлдэгчид 103.3 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна. Үүнийг төрлөөр нь авч үзвэл лизингийн зээл 2.6 хувь, хадгаламж барьцаалсан зээл 13.5 хувь, малчны зээл 17.7 хувь, бизнесийн зээл 20.4 хувь, орон сууц, хашаа байшингийн зээл 7.4 хувь, цалингийн  зээл 19.2 хувь, тэтгэврийн зээл 13 хувийг тус тус эзэлж байгаа аж. Нийт олгосон зээлийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зээлдэгчдийн тоо 15.1 хувиар өссөн бол зээлийн хэмжээ 52.3 хувиар буурсан байна. 


 Б.Батхүү

 

 

関連ニュース
コメント