Сагсанбөмбөгийн “3 эсрэг 3” тивийн АШТ-д манай 3 баг хагас шигшээд шалгарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-09-16 10:52:01

Сагсан бөмбөгийн“3 эсрэг 3” оюутны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас дөрвөн баг оролцож байгаагаас эрэгтэй хоёр, эмэгтэй нэг баг хагас шигшээд шалгарч үлдээд байна.

БНХАУ-ын Мүгдүн хотноо болж байгаа тус тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр баг оролцсоноос эрэгтэй I баг хэсэгтээ Филиппин, Хонконг, БНХАУ-ын багуудыг дараалан хожиж, хагас шигшээ тоглолтод шалгарлаа. Тэд өнөөдөр хэсгийн шийдвэрлэх тоглолтоо тэмцээнийг зохион байгуулагч орны багтай хийж, 16:15 онооны харьцаагаар хожсон бөгөөд маргааш В хэсгийн хоёрдугаар байраар гарсан Ираны багтай тоглож, хожвол аваргын төлөө өрсөлдөх эрхийг авах юм.

Монголын эрэгтэй II баг Хонконгийн сагсчдыг 21:14 онооны харьцаагаар хожсон ч БНХАУ-ын багт 12:16-оор хожигджээ. Энэ хэсгийн тоглолтууд дууссаны дараа оноог тоолоход манай I баг нэгдүгээр байраар шалгарч, Ираны баг хоёрдугаа байраар гарсан бөгөөд БНХАУ-ын баг хагас шигшээд шалгарч чадсангүй.

Эрэгтэй II баг маргааш нөгөө хэсгээс шалгарсан БНХАУ-ын багтай тоглох юм. Эмэгтэй багуудаас I баг тойргийн тоглолтоос 4 хожилтойгоор дөрөвдүгээр байраар шалгарч медалийн төлөө тоглох эрхтэй болсон бол II баг шилдэг дөрөвт багтсангүй.

Хагас шигшээд шалгарсан багуудаа танилцуулахад, эрэгтэй  I багийн дасгалжуулагчаар С.Тулга, тамирчнаар А.Гансүх, Г.Чинбат, Б.Батзолбоо, Э.Дөлгөөн II багийн дасгалжуулагчаар Ю.Бүрэнтэгш бол тамирчнаар Ч.Энхтайван, С.Хаш-Эрдэнэ, О.Хүдэрбат, Тэнгис нар тоглож байна. Эмэгтэй I багийн дасгалжуулагч нь Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал бол тамирчнаар Э.Чимиддолгор, Б.Болор-Эрдэнэ, М.Цэрэнлхам, Г.Өнөрмаа нар багтжээ. Мөн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсын шүүгч А.Даваадорж ажиллаж байна.

Д.Өлзий

関連ニュース
コメント