УИХ Ерөнхийлөгчийн хэсэгчлэн тавьсан хоригийг хүлээж авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-09-15 15:47:50

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуульд Ерөнхийлөгчийн хэсэгчлэн тавьсан хоригийг хэлэлцэж, дэмжив.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Энэ хуулиас болж нийгэмд хүлээлт, хардлага үүсч байна. Тиймээс Ерөнхийлөгчийн хоригийг нэн яаралтай хэлэлцэн шийдвэрлэх хэрэгтэй гэсэн санал хэлэв.

Мөн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва,  “Монгол Улс нэг удаа алдсан иргэддээ өмнө өршөөл үзүүлж байсан. Тухайн үед хориг тавьж байгаагүй. Ерөнхийлөгчийн уучлал үзүүлсэн Жастин Капла гэдэг хүн 70 тэрбум төгрөгийн асуудал үүсгэсэн. Ерөнхийлөгчийн хориг тавьснаас бусад заалт нь хэрэгжиж байгаа юу хэмээн асуув. Уг асуултад  Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, “Хориг тавьснаас бусад зүйл заалт хэрэгжиж байгаа. 40 мянган хүн жолооны үнэмлэхээ авсан. Хорих ял эдэлж буй хүмүүсийг өршөөлд хамруулах ажлыг шат дараатай хэрэгжүүлж байна” хэмээн хариулав.

УИХ-ын гишүүн Л.Цог, “Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байгаа. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй бол  АТГ-ын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж мэднэ. Өөрөөр хэлбэл, ихээхэн хүч хөдөлмөр гаргаж байж илрүүлсэн хэргийг өршөөвөл АТГ-ын ажилтнуудад “Авлигтай тэмцээд ч яахав дээ. Үр дүнгүй юм байна” гэсэн бодол төрөх вий” гэлээ.

Мөн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Өршөөлийн хууль бол бид бүгдийн алдаа юм. Анх Засгийн газар хуулийн төслийг өргөн барихад хээл хахууль авах, зуучлах гэсэн 2 зүйл ангийг өршөөхөөр заасан байсан. Чуулган, Байнгын хорооны хуралдааны үеэр энэ заалтуудыг гүнзгийрүүлж, авлига, албан тушаалын гэмт хэргийг өршөөх заалт оруулсан юм. Намрын чуулганы үеэр Эрүүгийн хуулийн төслийг хэлэлцэнэ. Энэ үед тун анхааралтай ажиллахыг нийт гишүүдээс хүсч байна” гэв.

Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Бямбацогт, “Энэ хуулийг Эрүүгийн хуулийг баталсны дараа хэлэлцэх ёстой. Тиймээс ч МАН-ын бүлэг Өршөөлийн хуулийг эсэргүүцэж байсан. Гэвч УИХ-аар хүч түрэн баталсан. Өршөөл үзүүлэх тухай хуулийг батлах үеийн УИХ-ын хуралдааны тэмдэглэлийг ил болгож болох уу. Ингэвэл аль гишүүн авлига, албан тушаалын хэргийг өршөөхийг дэмжсэн бэ гэдгийг олон нийт харж болно хэмээн асуулаа. Уг асуултад УИХ-ын дарга З.Энхболд, Өршөөл үзүүлэх тухай хуулийг хаалттай дэгээр хэлэлцсэн. Би хурлын тэмдэглэлийг ил болгох боломжгүй. Гишүүд горимын санал гаргаж, олонх дэмжсэн тохиолдолд хуралдааны тэмдэглэлийг ил гаргаж болно” гэсэн хариулт өглөө.

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, “Өршөөлийн хуулийг УИХ өөрийн бүрэн эрхийн хүрээнд гаргаж байгаа болохоос хэн нэгэнд зориулж гаргагүй. Энэ хууль нэг удаа алдсан иргэдэд алдаагаа засах боломж олгох зорилготой юм. Тиймээс төр гаргасан шийдвэртээ бат зогсох хэрэгтэй. Улс төржилтөөс үүдэж өөрсдийн гаргасан шийдвэртээ муу  “дүн” тавьдагаа болих ёстой” хэмээв.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 59 гишүүний 83.1 хувь дэмжиж, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа.

УИХ Ерөнхийлөгчийн хэсэгчлэн тавьсан хоригийг хүлээж авснаар  Өршөөл үзүүлэх тухай хуулиас авлига, албан тушаалын гэмт хэргийг өршөөх заалтыг хасах боллоо. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31.8, 31.9-д заасны дагуу Хуульзүйн байнгын хороо, чуулган дахин хуралдаж Өршөөл үзүүлэх тухай хуульд  өөрчлөлт оруулах болов.

Хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга З.Энхболд, “Өнөөдөртөө багтаж Өршөөл үзүүлэх тухай хуулийн бүх хэлэлцүүлгийг дуусгах хэрэгтэй. Маргааш олон улсын томоохон хурал болох тул өнөөдөр Хууль зүйн байнгын хороо чуулган дахин хуралдах болно” гэлээ.

Ийнхүү чуулганы хуралдаан түр завсарлав.

Ч.Ариунболд

関連ニュース
コメント