Төсөв хүндэрсэн ч цардаагдсан барилгуудыг санхүүжүүлээд явж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
dogsom@montsame.mn
2015-09-14 13:08:22

Сэлэнгэ аймагт энэ жил бүтээн байгуулалтын ажлыг нэлээд дорвитой хийж байна. Аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Д.Дэмбэрэлсайхан: "Гурван талын бүтээн байгуулалт хийж байгаагаараа энэ жилийн бүтээн байгуулалт онцлог болж байна” хэмээн тодотгов.

Түүнээс дараах асуултад хариулт авав.

 -Энэ онд Сэлэнгэ аймагт бүтээн байгуулалтын ажил нэлээд хийж байна. Улсын болоод аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар ямар ажлыг хичнээн төгрөгийн өртөгтэйгээр хийв. Урд  жилүүдийн царцсан барилгын ажил "гэсээ" юу?

-Энэ онд Сэлэнгэ аймагт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд нэлээд хийсэн. Тухайлбал улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 20 гаруй тэрбум төгрөгийн ажил, аймгийн төсвөөр 1 тэрбум гаруй төгрөгийн, аймгийн замын сангийн хөрөнгөөр 300 гаруй сая төгрөгийн, орон нутгийн хөгжлийн сангаар 4 тэрбум гаруй төгрөгийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил хийж байна. Үүн дотроос урд онд царцаагдсан томоохон ажлууд нэлээд урагштай явж байна. Эдгээрээс Сүхбаатар суманд барьж буй худалдааны төвийн барилгын ажлыг энэ нэмэр хүлээлгэж өгнө гэсэн чигтэй 90 гаруй хувьтай, усан бассейны барилгын ажил 80-иад хувьтай, Сүхбаатар сумын хороолол буюу 5 дугаар  баг, Баянгол сум, Мандал сумын Тарни багт барьж байгаа цэцэрлэгийн барилгууд, мөн Ерөө, Түшиг сумын ахуй үйлчилгээний барилга гээд 10-аад барилгын ажил царцаагдсан байсан. Төсөвт тодотгол хийгээд эдгээр барилгуудыг энэ жил ашиглалтад өгөхөөр шахуу ажиллаж байна.  Түүнчлэн Сэлэнгэ аймгийн хэмжээнд эрх нь шилжиж ирсэн хамгийн том бүтээн байгуулалтын ажил бол 5 тэрбум төгрөгийн өртөгтэй Цагааннуур сумын “Сумын төвийн шинэчлэлтийн” ажил байлаа. Энэ ажлыг төслөөр хийж байна. Одоогоор Цагааннуур сумын инженерийн дэд бүтцийг шинээр барих, цэвэрлэх байгууламж, уурын зуух, ус хангамжийн барилга байгууламж, шугам сүлжээний ажил хийгдээд улсын комиссын хэмжээнд явж байна. Уг ажлын хувьд бусад аймгуудаас нэлээд давуу явж байгаа. Учир нь аймгуудад асуудал гарсан байгаа. Энэ мэт бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд эрчимтэй явагдаж байна.

-Улсын төсөв хүндэрсэн энэ үед дахин царцахгүй найдвартай дуусах уу. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж буй ажлууд хэр далайцтай явж байна вэ?

-Сумдад ч гэсэн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр тохирсон ажлууд нэлээд хийж байна. Үндсэндээ худалдан авалт, тендер шалгаруулалтын ажлууд дууссан. Ажил нь эхлээгүй багахан ажлууд байгаа, үүнийгээ бид ондоо багтаагаад дуусгана гэсэн бодолтой байна. Харин улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажлууд хэдийгээр төсөв хүндэрсэн ч гэсэн санхүүжүүлээд явж байгаа. Үүнийг хүндрээгүй гэж үзнэ. Одоогоор удааширсан, он дамжихаар ажлууд хараахан байхгүй байна. Сүхбаатар сумын худалдааны төвийн гаднах инженерийн шугам сүлжээний ажилд 300 гаруй сая төгрөг төсөвлөгдсөн, хийгдээд явж байна. Мөн Сүхбаатар сумын 4-р баг буюу Шүдэнзний ард 521 сая төгрөгийн төсөв гаргаад дулаан, цэвэр усны шугамын ажил хийгдээд явж байна. Ерөнхийдөө ажлууд жигдэрсэн.

-Аймгийн хөрөнгө оруулалтын ажилд хувийн хөрөнгө оруулалттай компаниуд хэр нөлөөтэй оролцож байна вэ?

-Энэ жилийн хувьд хувийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажлууд нэлээд хийж байна. Компаниуд маш их дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа. Үүнийг зориуд тэмдэглэн талархлаа илэрхийлэх ёстой. Хэдийгээр “Бороо гоулд” буюу “Центерра гоулд” ХХК-ийн үйл ажиллагаа зогсонги байгаа ч гэсэн  100 мянган долларын хөрөнгө оруулалтаар Сүхбаатар сумын үерийн хамгаалалтын даланг сэргээн засварлаж байна. Үүнд 200 сая төгрөг төсөвлөсөн. Мөн “Болд төмөр Ерөө гол” компани Сүхбаатар сумын ахмад, залуу гэр бүлд зориулсан ордныг барих хөрөнгийг өглөө. Дээр нь орчин үеийн хөл бөмбөгийн талбайг Сүхбаатар суманд барьж байгуулан өгч байна. Тэгэхээр эдгээр команиудад талархлаа илэрхийлье. Энэ компаниуд бол татвараа төлдөг компаниуд шүү дээ. Тиймээс олон түмнийхээ өмнө нийгмийн хариуцлагаа хүлээж байна гэсэн үг.

-Сэлэнгэ аймагт хувийн компаниуд орон сууц барьж байна.  Энэ компаниуд зөвхөн өөрийн хөрөнгөөрөө барьж байгаа юу. Төрөөс ямар нэгэн дэмжлэг өгсөн үү. Эдгээр компаниудын барилгын үнэ өртөгт аймгийн зүгээс нөлөөлж байгаа юу?

Хувийн хөрөнгө оруулалтаар орон сууцны барилгууд урд байгаагүйгээр их барьж байна. Манай Сэлэнгийн “Гурван тулгат цамхаг” гэдэг компани Шаамар, Зүүнбүрэн, Ерөө, Хүдэр, Баянгол, Хушаат зэрэг сумдад цэвэр, дулаан, бохирын шугам нь бүрэн шийдэгдсэн 24 айлын орон сууцуудыг барьж байна. Энэ үйл ажиллагаанд хувийн компаниудад талархах хэрэгтэй. Хэдийгээр барилгын салбар, эдийн засаг хүндрэлтэй энэ үед, сумдад хөрөнгө оруулалт хийх компаниуд алга байна шүү дээ. Ийм үед зориглоод сумдад тохилог орон сууц барьж, иргэдийн нийгмийн асуудлыг шийднэ гэдэг том алхам. Үүнийг төрөөс талархаад зогсохгүй дэмжих ёстой. Үүний нэг тод жишээ бол манай Сүхбаатар суманд цэвэр, дулаан, бохирын бүх шугам нь шийдэгдсэн, хямд өртөгтэй, канад технологийн амины орон сууцны хаус хороолол баригдаж байна. Энэ сууцны үнэ нь маш хямд, нэг кв метр нь нэг сая төгрөг дотор багтана гэсэн.  Мөн Алтанбулаг сумын компани энэ чиглэлээр хотхон байгуулаад эхэлчихсэн байгаа. Ийм компаниудын үйл ажиллагааг бид санхүү болон бусад үйлдлээр аймгийн ЗДТГ-аас дэмжин ажиллаж байна. Өөрөөр хэлбэл бага хүүтэй зээл олгох мэт. Энэ маань эргээд манай Сэлэнгийн айл өрх, залуус орон сууцтай болно гэсэн утгаар бодлогоор дэмжиж байгаа юм. Эдгээр компаниудын хамгийн гол давуу тал бол Сэлэнгээс ажиллах хүчин авч, барилгынхаа материалыг авч байна. Ерөнхийд нь Сэлэнгийн барилга гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл бүтээн байгуулалтын ажил ганцхан төсвөөс хамаардаг байсан бол, одоо манай томоохон компаниудын нийгмийн хариуцлага орж ирж байна. Мөн хувийн хөрөнгө оруулалтууд гарч ирж байна. Ингэж гурван талын бүтээн байгуулалт хийж байгаагаараа энэ жилийн бүтээн байгуулалт онцлог болж байна.   

 

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

 

 

 

関連ニュース
コメント