АНУ, БНХАУ кибер аюулгүй байдлын асуудлыг хэлэлцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2015-09-14 10:21:27

ВАШИНГТОН. /Reuters/. БНХАУ-ын дарга Си Зиньпиний Вашингтонд хийх айлчлалын өмнө АНУ болон Хятад улсын нөлөө бүхий албан тушаалтнууд кибер аюулгүй байдлын асуудлаар хэлэлцээ хийлээ. Си дарга энэ сарын сүүлээр АНУ-д айлчилна.

Цагаан ордны мэдэгдсэнээр, Хятадын Коммунист намын Улс төр, хууль эрх зүйн асуудал хариуцсан комиссын нарийн бичгийн дарга Мөн Зеньжу өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт Вашингтонд эхэлсэн дөрвөн өдрийн хэлэлцээнд оролцжээ.

Тэрбээр АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын сайд Жей Жонсон, Холбооны тагнан мөрдөх товчооны захирал Жеймс Коми болон кибер аюулгүй байдлын асуудал хариуцсан бусад албаны хүнтэй уулзсан байна.

Кибер халдлага үйлдэн АНУ-ын ашиг сонирхлыг онилон, нууц мэдээллийг хулгайлах нь нэмэгдсээр байгаа нь тус улсын бизнес эрхлэгч аж ахуй нэгжүүдэд сөргөөр нөлөөлж байгаа юм. Кибер халдлагын ард голдуу хятадууд байгаа гэж АНУ-ын албаны хүмүүс үзэж, хориг арга хэмжээ авах тухай  хэлэлцэж байгаа билээ.

Г.Доржханд

 

関連ニュース
コメント