Хуучин хорооллынхон “Жишиг хороолол” болохыг дэмжив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-09-12 19:18:57

Дархан сумын 13, 14, 16 дугаар багуудын иргэдийн нийтийн өргөтгөсөн хурал болов. Хуралд аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга С.Баясгалан, сумын ИТХ-ын дарга Т.Тулгаа, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Г.Алтантуяа , аймгийн Ерөнхий архитектор н.Элдэвсайхан, багуудын Засаг дарга, ИНХ-ын Тэргүүлэгчид, оршин суугчид оролцлоо. Өргөтгөсөн хурлаар 2016 онд дээрх багуудад “Жишиг хороолол-4“ төсөл хэрэгжихтэй холбогдуулж иргэд санал хүсэлтээ илэрхийлэв.

Төсвийн тухай хуулийн дагуу энэ сарын 20-ны дотор багийн иргэдийн нийтийн хурал хуралдаж 2016 онд “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн хөрөнгөөр хийгдэх ажилд иргэдээс санал авч эхэлсэн нь энэ аж. Тус хуралд оролцсон иргэд “Жишиг хороолол” төслийн хүрээнд авто зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, орон сууцны урсгал засвар үйлчилгээг чанартай хийх хэрэгтэй” гэв. Түүнчлэн хуучин хорооллын үйлчилгээний төв орчимд байрлах архи согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудын тоог цөөрүүлэхийг хүслээ. Мөн “Хуучин хороолол”-ын байруудын инженерийн шугам сүлжээ хүүхдийн зулай шиг болсон хэдэн байрууд бий. Тухайлбал: “Хуучин хорооллын 26 дугаар байрын шугам муу, зоорийн давхраас үргэлж бохир үнэртэж иргэд байж суух аргагүй болсон” зэргийг өгүүлж байв. “Жишиг хороолол-4” төслийн хүрээнд Дархан сумын энэ гурван багт тулгамдсан эдгээр асуудлуудыг шийдвэрлэж өгөхийг иргэд аймаг сумын удирдлагуудаас хүслээ. Дархан сумын эдгээр гурван багт нийт 18 мянга орчим хүн ам оршин суудаг байна.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

関連ニュース
コメント