Одоо 14 орны нутагт 23 мянга 360 цөмийн цэнэгт хошуу байгаа ажээ. Эдгээрийн барагцаалбал талыг оперативын хувьд байрлуулсан юмуу нөөц гэж тооцдог байна.
Америкийн эрдэмтдийн нийгэмлэгийн цөмийн мэдээллийн хөтөлбөрийн захирал Ханс Кристенсен болон Байгалийн нөөц хамгаалах зөвлөлийн Роберт Норрис нар «Буллетин оф атомик сайентистс» сэтгүүлийн сүүлийн дугаарт ингэж бичжээ.
Тэдний дурдсанаас үзвэл, АНУ, Орос, Их Британи, Франц, Хятад, Пакистан, Энэтхэг, Израиль, БНАСАУ гэсэн 9 улсыг цөмийн цэнэгт хошуутай юмуу ийм хошуутай байж болох юм хэмээн таамаглаж байна. Америкчууд Бельги, Герман, Итали, Нидерланд, Турк гэсэн бас таван орны нисэхийн баазад цөмийн тактикийн ойролцоогоор 200 бөмбөгтэй байгаа ажээ.
Шинжээчдийн дүгнэснээр, Пентагон барагцаалбал 9,4 мянган цэнэгтэй бөгөөд үүнээс 2,7 мянгыг нь оператив байрлалд оруулж, 2,5 мянгыг нь нөөцөд авсан байна. Нөөц цэнэгт хошуудыг агуулахад хадгалдаг бөгөөд шаардлага гарвал баллистик пуужин юмуу бөмбөгт хангалттай түргэн суурилуулж болно. Үлдсэн 4,2 мянга нь мөн агуулахад хадгалагдаж, задалж буулгах зориулалттай байгаа аж.
Орост 13 мянга орчим цэнэгт хошуу бий бөгөөд үүнээс 4850 нь «байлдааны бэлэн байдалд байдаг» гэж Кристенсен, Норрис нар үзэж байна. «Үлдсэн цэнэгт хошууны байдал тодорхойгүй, эдгээрийн заримыг задлан буулгаж болох юм» гэж тэд тэмдэглэжээ.
Франц 300 цэнэгт хошуутай. Англид 180 бий. «Энэ хоёр орон цөмийн хүч нөөцөө мөн хорогдуулж байгаа юм» гэж шинжээчид бичсэн байна. Харин Хятад, Энэтхэг, Пакистан цэнэгт хошууныхаа тоог нэмэгдүүлж байгаа ажээ. Хятад улс одоо барагцаалвал 240, Энэтхэг 60-80, Пакистан 70-90 цэнэгт хошуутай гэнэ.
Израиль цөмийн зэвсэгтэй гэдгээ хэзээ ч албан ёсоор хүлээн зөвшөөрч байгаагүй ч, 80-100 цэнэгтэй байж болох талтай хэмээн Кристенсен, Норрис нар үзэж байна.
БНАСАУ-ын тухайд гэвэл, «баттай мэдээлэл» олж авч чадаагүйгээ шинжээчид онцлон дурджээ. Гэвч Норрис, Кристенсен нар өмнөх дүгнэлтдээ «Умард Солонгос 10 орчим цэнэгт хошуутай байж болох юм» гэж онцлон тэмдэглэж байсан юм.
Я.Сүхбаатар
|