Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд саяхан боловсролын салбарынхантай уулзахдаа «Дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай боловсролыг эх орондоо бий болгох» санал дэвшүүлсэн билээ. Манай умард хөршид ч энэ асуудлыг их анхаарч байна. Москвагийн М.Л.Ломоносовын нэрэмжит их сургуулийн ректор Виктор Садовничийн ярилцлагыг уншигчиддаа толилуулъя.
Оросууд нутагтаа төдийгүй, гадаадад боловсрол эзэмшиж, ажиллаж чадах болсон нөхцөлд оросын их, дээд сургуулиуд өрсөлдөх чадвартай болж, олон улсын боловсролын чансаанд байр эзлэхийг хичээж байна. Виктор Садовничий дэлхийн боловсролын чансааны хөгжлийн стратеги ямар байх ёстой, оросын бодит хосгүй чансааг хэрхэн бий болгох тухай ярьж байна.
- Оросын Ерөнхийлөгч Дмитрий Медведев ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны сайдтай саяхан нэг уулзахдаа, дэлхийн боловсролын чансааны талбарт хүч чармайлтаа идэвхжүүлэхийг оросын их дээд сургуулиудад уриалсан. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?
- Манай боловсролын байр суурийг дэлхийн орон зайд бэхжүүлэх шаардлагатай нь гарцаагүй. Боловсролын олон улсын жишиг, их, дээд сургуулиудыг үнэлэх шалгуурын талбарт Орос улсыг хүчтэй болгох шаардлагатай байна.
- Боловсролын чансааны талаар ярихдаа юуны өмнө их, дээд сургуулийн чансааг ярьдаг. Яагаад тэр вэ?
- Их сургуулиуд өнөөдөр аль ч орны хөгжлийн нэн чухал нөөц болж байна. Улс болгон их сургуулиараа бахархахыг хүсдэг нь мэдээж. Гэвч чансаа бий болсон туршлагаас харахад дэлхийн 17000 их сургуулиас багцаалбал 500-г нь л тэргүүлэх их сургуульд хамааруулж болох байна.
- Оросын ямар ямар дээд сургууль олон улсын чансаатай вэ?
- Москва, Санкт-Петербургийн их сургууль хэдийнээс орсон. Москвагийн их сургуулийн тухайд яривал, тус сургууль Шанхайн чансаа, испанийн Вебометрикс чансаа, британийн QS, Times чансаа, 4icu.org интернет-чансаанд байдаг юм. Бусад их сургууль гэвэл Вебометрикс чансаанд Эдийн засгийн дээд сургууль, Новосибирскийн улсын их сургууль, Алтайн улсын их сургууль, Москвагийн физик-техникийн хүрээлэн, Тюменийн улсын их сургууль, Казанийн улсын их сургуулийн бааз дээр байгуулсан Приволжийн холбооны их сургууль, Санкт-Петербургийн мэдээллийн технологийн улсын их сургууль, Уралийн А.М.Горькийн нэрэмжит улсын их сургууль, Өмнөд болон Сибирийн холбооны их сургууль багтдаг юм.
- Дэлхийд их дээд сургуулийг үнэлэх систем хэрхэн тогтсон бэ?
- Сургуулиудыг цогц индикатороор жагсаах зарчимд үндэслэсэн боловсролын чанарыг үнэлэх систем сүүлийн 10-15 жилд бий болж, хөгжсөөр байна. Тийнхүү жагсаасны үр дүн нь их сургуулиудын чансаа болдог юм. Одоо дэлхийд их дээд сургуулийн хэдэн арван чансаа байна.
- Индикаторын тухай тодруулж ярина уу? Түүнийг хэн, хэрхэн тодорхойлдог юм бэ?
- Индикатор нь дээд сургуулийн чанарыг тодорхойлдог үзүүлэлт. Чансаа гаргагчид олон нийтийн байгууллага, жагсаалтад орсон их дээд сургуульд боловсролын чанарыг олон индикатороор нэлээд дураараа тодорхойлохыг санал болгоно. Тэд төрөл бүрийн эх сурвалжийг /түүний дотор шинжээчдийн санаа бодлыг харгалзана/ цуглуулан, математик аргаар боловсруулан, чанарын нэгдсэн үнэлгээ өгдөг юм.
- Аль нэг индикаторыг сонгох шалгуур нь гол төлөв дээд сургуулийн орчин үеийн чанарыг ямар хэмжээгээр тусгаж байгааг нь биш, харин чансаа гаргагчид түүнийг хялбар аргаар олж авах арга болдог. Үүний улмаас их дээд сургуулийг жагсаах үндэсний ч, дэлхийн ч гол гол систем төрөл бүрийн индикатортой нь нэг нь нөгөөдөө тохирдоггүй юм. Энэ нь үр дүнг харьцуулж үзэхэд түвэгтэй байдал бий болгодог.
Тийм нөхцөл байдал биднийг дэлхийн болон үндэсний чансааны илүү бодитой, лавтай, ил тод систем бий болгох талаар шинэ шинэ арга зам нээхийг шаардаж байна.
- Орос улсад их, дээд сургуулийг жагсаах ажил хийж байгаа юу? Эсэвл бүр хоосноос эхлэх ёстой юу?
- Тийм ажил хийж байгаа. Орост энэ ажлыг бие даасан «РейТОР» агентлаг эрхэлдэг. Тус агентлаг их дээд сургуулиудын олон улсын чансаа нийтлүүлжээ. Тэр чансаагаар бол, Москвагийн их сургууль нийт үзүүлэлтээр дэлхийд тавдугаар байранд орж байна.
- Таны бодлоор, дэлхийн боловсролын одоогийн чансаа сайн, муу ямар талтай вэ?
- Чансааг тогтмол гаргаж, гаргах арга зүйг давтан хэрэглэдэг нь давуу талын дотор гарцаагүй орно. Дутагдлын тухайд бол, нарийн сайтар тайлбарлахгүй, цөөн үзүүлэлтээр дүгнэсэн, чансааны үзүүлэлтийн жингийн илтгэлцүүрийн субъектив байдлаар сонгодог, мэдээг цуглуулахдаа цөөхөн арга хэрэглэсэн зэрэг болно.
Чансаа гаргахдаа их дээд сургуулийн эрдэм шинжилгээний ажил, албан ёсны интернет-сайт, оюутны болон эрдэмтдийн хөдөлгөөнт чанарыг задлан шинжилдэг. Ингэхдээ аль ч чансаанд боловсролын суурь шинж болсон чанарыг суурь категори болгож үздэггүй. Ингээд л дэлхийн одоогийн чансаа нэлээд хялбарчилсан байдалтай болж байгаа юм.
- Оросын их дээд сургуулиуд хялбарчлалд автахгүй, харин боловсролын чансаанд нэр төртэй байр эзлэхийн тулд яах ёстой вэ?
- Өнөөдөр оросын их дээд сургууль дэлхийн эрдэм шинжилгээний сэтгүүлд цөөн материал нийтлүүлж, манай багш нарын бүтээлээс гадаадын судлаачид иш татахгүй байна. Гэтэл оросын сэтгүүлд гарч байгаа олон нийтлэл эрдэм шинжилгээний түвшингээр гадаадын сэтгүүлүүдэд нийтлэдэг материалаас дутахгүйг тэмдэглье. Түүнээс гадна оросын их сургуулиуд гадаад оюутан, гадаад ажилтны тоо гэсэн үзүүлэлтээр гадаадынханд хүрдэггүй юм.
Юу хийх вэ? Дэлхийн эрдэм шинжилгээний сэтгүүлд оросын шинжээчдийн материал нийтлүүлэхэд түлхэц өгөх, бидний хувьд хоёрдугаар хэл, гэхдээ олон улсын эрдэмтэдтэй заавал харьцах хэл – англи хэлэнд дасах, гадаадын ажил нэгтнүүдтэй улам идэвхтэй харилцах, оросын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн нэр хүндийг дээшлүүлэх хэрэгтэй. Бас дээд сургуулийн гадаад оюутан, гадаад ажилтнуудад хөнгөлөлтийн систем бий болгох, цахим номын сангаа хөгжүүлэх, дээд сургуулийн ажилтнуудын судалгааны дүнг сайтуудад байрлуулах хэрэгтэй.
Энэ бүхэн чансааны шалгуурт нийцэх байдлыг дээшлүүлэхэд ашигтай юм. Гэхдээ энэ нь боловсролын бодит чанартай зарим талаар л холбоотой юм.
- Боловсролын дэлхийн чансааны хүрээ өөрчлөгдөх бол уу?
- Чансааны хүрээ дэлхийн их, дээд сургуулийн үнэлгээний бодит систем бий болгох тийш өөрчлөгдөх ёстой. Их сургуулиудын өрсөлдөх давуу талыг тэмдэглэж, өрөөсгөл үнэлгээнээс зайлсхийж, боловсролын чанарын цогц үнэлгээнд тулгуурласан дэлхийн чансаа бий болгох нь чухал.
Тиймээс бид өөрийн гэх чансаа бий болгож, түүнийг дээд зэргээр гүнзгий, олон талыг хамарсан, бодитой болгох талаар бодох хэрэгтэй байна. Энэ нь олон улсын өндөр чансаанд хүрэх боломж олгоно.
- Ямар шалгуурыг заавал нэвтрүүлэх ёстой вэ?
- Боловсролын үйл явцын үр дүн, улс орон, бүс нутаг, дэлхийн хөгжилд их сургуулийн үзүүлэх нөлөө, их сургуулиудын хөрөнгө чинээ, оюуны чадавхи, багш нар, эрдэм шинжилгээний ажилтнуудын хөдөлмөрийн чанарыг заавал үнэлэх ёстой. Өөрөөр хэлбэл, бид боловсролын чанарыг үнэлэхдээ түүний суурь шинж чанарыг харгалзан үзэхийг уриалж байна.
П.Шагдар
|