Энэ жил Өмнөговь аймагт зуншлага тааруу, нийт нутгийн 80 хувь нь гангийн байдалтай байсны улмаас зарим малчид өөр аймаг сумдад отор нүүдэл хийж байна. Эдгээр отроор яваа малчдаа эргэж, тэдний санал хүсэлтийг сонсох зорилгоор Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Жамьяанхорол, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Б.Энхтуяа нараар ахлуулсан ажлын хэсэг хойд урд чиглэлд яваа отрын малчидтайгаа уулзаад ирлээ. Уг хэсгүүд 9,10 дугаар сард отроор яваа малчдынхаа талаар авсан мэдээллийг баталгаажуулах зорилготой бөгөөд Дундговь, Өвөрхангай, Дорноговь мөн өөрийн аймгийн хилийн орчимд очиж ажилласан байна.
Аймгийн Засаг даргын орлогч Д.Мөнхтулга:
Өнөөдрийн байдлаар Өмнөговь аймгийн өөрийн хилийн орчимд оторлож чадаагүй өвөлжсөн айлууд болон Дорноговь аймгийн Сайхандулаан, Мандах, Дундговь аймгийн Өнддөршил, Гурвансайхан, Баянжаргалан зэрэг сумдаар манай ажлын хэсгүүд яваад иржээ. Малчдад маань эн тэргүүнд тулгамдаад байгаа асуудал бол худаг ус, хороо бууцны асуудал байлаа.Энэ асуудлын хүрээнд тухайн сумдын засаг дарга нартай уулзаж ярилцсан байна. Нөгөө талаар мал эмнэлгийн асуудал хүндрэлтэй байгаа. Энэ тал дээр бас ярилцсан. Ажлын хэсэг маань сум болгоноор орж, Өмнөговь аймгаас оторлож яваа айл өрхүүдийн судалгааг гарган тухайн сумын хүн эмнэлгүүдэд бүртгүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргүүлж байхаар тохиролцож ирсэн. Өөр аймгуудад үлдсэн отрын малчдын хувьд нэлээд хүндрэлтэй байна. Цас хэд хэд дахиад орж, мал үхээд эхэлчихсэн байгаа. Малчид болон сумдын засаг дарга нар энэ асуудлыг нэлээд хөндөж тавьсан.
- Улсаас тэжээл өвс буу-сан гэсэн. Түүнийг хүнд-рэлтэй байгаа малчдад өгч болохгүй юм уу?
- Өнөөдрийн хэмжээнд аймгийн төв дээр өвс тэжээл буусан хэрнээ Онцгой байдлын ерөнхий газар, Улсын онцгой байдлын комиссын шийдвэрээр түгээх ёстой учраас бидэнд гаргаад борлуулаад малчиддаа хүргэх боломж тун хомс байна. Ингээд бид өнөөдрөөс өвс тэжээлийн асуудлаар ӨМӨЗО-ны Баяннуур, Рашаан аймгуудад хандсан. Ямар ч байсан тусламж үзүүлнэ гэдэг дээр санал нэгдсэн. Хэдийд орж ирүүлэх талаар бид одоо ярилцаж байна. Засгийн газраас олгосон өвс тэжээлийг хэрэв олгож эхлэх юм бол тээврийн зардлыг нь Засгийн Газар дааж, харьцангүй хямд үнээр малчдад тараах бөгөөд дээрх хоёр аймгуудаас өвс тэжээлийг хөнгөлөлттэй үнээр тусламжийн зорилгоол авах асуудлыг аймаг орон нутгууд зөвлөлдөж байна.
С.Сумьяа
|