“Calbee” корпораци чипсний түүхий эдийн хомсдолд оржээ

ТОКИО. /BBC/. Японы чипс үйлдвэрлэгч “Calbee” корпораци болон түүний гол өрсөлдөгч болох “Koike-Ya” корпораци нийлүүлэлт зогссоноос болж томоохон хямралд ороод байна.

Энэ оны хувьд сүүлийн 34 жилийн хугацаан дахь хамгийн ургац муутай жил байсан учраас дээрх хоёр компанийн борлуулалт хумигдаж, хэд хэдэн брэндийн бүтээгдэхүүнийх нь үйлдвэрлэл зогсоод байгаа аж.

Төмс тариалдаг гол бүс нутаг болох Хоккайдо муж өнгөрсөн онд дэгдсэн далайн хар салхи, үерт нэрвэгдсэний улмаас хүнсний ногооны хомсдолд ороод байгаа юм.

“Calbee” корпораци АНУ-аас импортлох төмсний хэмжээгээ нэмэгдүүлж, дутагдаж буй түүхий эдээ нөхөхөөр оролдсон боловч  хэрэгцээгээ хангаж чадахгүй гэдэг нь нэгэнт тодорхой болжээ.

"Japan Times", "Manichi"  болон бусад хэвлэлүүдэд бичсэнээр, “Calbee” болон “Koike-Ya” корпораци 49 төрлийн чипсэн бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэлийг зогсоосон байна.

Японы зуушны зах зээлийн тэн хагасаас илүүг эзэлдэг “Calbee”-ийн хувьцаа мягмар гарагт нэг гаруй хувиар унасан бол хоёр дахь том үйлдвэрлэгч болох “Koike-Ya”-гийн хувьцаа мягмар гарагт 3.5 хувиар унажээ.

Японы Дотоод хэрэг, харилцаа холбооны яамны мэдээлснээр, өнгөрсөн оны 10 дугаар сараас эхлэн төмсний жижиглэнгийн үнэ сар бүр 20 хувиар өсч байгаа аж. Өнгөрсөн оны 4 дүгээр сард 336 иен байсан 1 кг төмсний үнэ Токио хотод 402 иенд /£2.95; $3.60/ хүрчээ.

Х.Сарнай