Малала Канадын хүндэт иргэн боллоо

ОТТАВА./ВВС/. Нобелийн Энх тайвны шагналт Малала Юсафзай Канадын хүндэт иргэн боллоо.

Өдгөө 19 настай тэрбээр энэ цолыг хүртсэн хамгийн залуу хүн, гадаадын зургаа дахь иргэн болсон байна.

Канадын нийслэл Оттава хотод өчигдөр болсон ёслолын үеэр тэрбээр үг хэлэхдээ, дэлхийн охид эмэгтэйчүүдэд, тэдний дотор дүрвэгчдэд боловсрол эзэмшүүлэхэд туслах үүднээс нөлөөгөө ашиглахыг тус улсын улс төрчдөд уриалжээ.

Малала бол охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэдэнд боловсрол эзэмшүүлэхийн төлөө тууштай тэмцэгчдийн нэг юм.

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо түүнийг  “Канадын хамгийн шинэ бөгөөд хамгийн зоригтой иргэн” гэж үнэлэн сайшаажээ.

Канадын "Хүндэт иргэн" цолыг Малалагаас өмнө Нельсон Мандела, Далай лам, шашны удирдагч Ага Хан, Шведийн дипломатч Рауль Валленберг болон Мьянмарын удирдагч Ан Сан Су Чи нарын таван хүн хүртсэн байна.

Г.Доржханд