“Disney” 3,8 сая долларыг нөхөн төлнө

НЬЮ-ЙОРК./TASS/. Америкийн “Disney” корпораци хөдөлмөрийн хуулийг зөрчин ажилтнуудынхаа цалингаас хууль бусаар суутгал хийснийхээ төлөө 3,8 сая орчим долларыг төлөхөөр болжээ. Энэ тухай баасан гарагт АНУ-ын Хөдөлмөрийн яамны Флорида муж улсын Жэксонвилл хот дахь төлөөлөгч Дэниэл Уайт мэдэгджээ.

Түүний хэлснээр, дээрх мөнгөний ихэнхийг Флорида дахь Disney World зугаа цэнгээний цогцолборын 16 мянга гаруй ажилчдад цалин болгон олгох ажээ.

“Disney”-ийн удирдлага ажилтнуудынхаа цалингийн зарим хэсгийг суутган авдаг байсны улмаас тэдний авдаг цалин нь АНУ-д холбооны улсын түвшинд цагт 7,25 доллароор тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага болсон ажээ. Үүнээс гадна “Disney” корпорацийн удирдлага ажилтнууддаа олгох ёстой илүү цагийн мөнгийг өгөхөөс татгалздаг байсан гэнэ.

О.Барс