Нодон синмүн: Америкчууд Өмнөд Солонгосыг цөмийн дайны талбар болгох гэж байна

ПХЕНЬЯН. /ТАСС/. Өмнөд Солонгосын газар нутагт АНУ-ын пуужингаас хамгаалах “THAAD” системийг байрлуулах нь “Өмнөд Солонгосыг Америкийн цөмийн дайны фронтын тэргүүн шугам болгож, Өмнөд Солонгосын үндэсний эрх ашигт харшилж байна” гэсэн гарчигтай нийтлэл БНАСАУ-ын “Нодон синмүн” сонинд хэвлэгдэн гарчээ.

Тус сонин “дотооддоо улс төрийн хүнд байдалд байгаа Сөүл нь АНУ-ын дэмжлэгийг авснаар Умард-Өмнөдийн зөрчлийг улам хурцатгаж байна” гэж шүүмжилсэн байна.

Солонгосын Хөдөлмөрийн намын төв хэвлэл болох "Нодон синмүн" сонинд мэдэгдэхдээ "Өмнөд Солонгосын газар нутагт “THAAD” цогцолборыг байрлуулсны хариуд БНАСАУ цөмийн тогтоон барих хүчээ тоо болон чанарын хувьд нэмэгдүүлнэ" гэжээ. Тус сонин “Солонгос үндэстнийг цөмийн дайнд татан оруулахаас буцахгүй байгаа төрийн эрхэнд гарсан урвагчдыг хөөн зайлуулахыг” өмнөд солонгосчуудад уриалжээ.

“THAAD” системийг Өмнөд Солонгост байрлуулах шийдвэрийг 2016 онд Ерөнхийлөгч асан Барак Обамагийн үед гаргажээ. Умард Солонгосын тал хэд хэдэн удаа пуужин хөөргөж туршсаны дараа Вашингтон болон Сөүл ТHAAD системийг байрлуулах ажиллагааг эрчимжүүлэхээр шийдсэн байна. ОХУ болон БНХАУ уг системийг байрлуулахыг эрс эсэргүүцэж байгаа юм. 

Б.Мишээл