"Сан Хосе" хөлөг онгоцыг Колумбын соёлын өвөөр зарлалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-12-09 14:44:05

БОГОТА. /TASS/.  Чухам хэний эзэмшилд байх талаар маргаан дагуулсан “Сан Хосе” хөлөг онгоц нь Колумбын соёлын өв юм гэж тус улсын Ерөнхийлөгч Мануэль Сантос мэдэгджээ.

“Сан-Хосе хөлөг онгоц бол Колумбын соёлын өв бөгөөд Колумбын ард түмний мэдэлд байх ёстой. Одоогийн байдлаар уг хөлөг онгоц болон хөлөг онгоцонд байж магадгүй эрдэнэст маш олон эзэн гарч ирсээр байна. Үгүй ээ ноёдоо, энэ бол колумбчуудын өв” гэж тэрбээр цохон тэмдэглэсэн байна.

Далайн ёроолоос олдсон 18 дугаар зууны хөлөг онгоцны сэг нь дэлхийн өвд хамаарна гэж археологичид түүхчид үзэж байгаа боловч эдгээрийг зөвхөн Колумб улс эзэмших ёстой гэж Сантос үзэж байгаа аж. “Үүнийг мөн бүх хүн төрөлхтний археологийн, соёлын болон түүхийн өв гэж тодорхойлж болох бөгөөд бид энэ олдворын ач холбогдлыг харгалзан дэлхий нийттэй хуваалцахад бэлэн байна ”гэж Сантос хэлжээ.

Колумбын хүн судлал, түүхийн хүрээлэнгийн ажилтнууд  “Сан Хосе” хөлөг онгоцыг  тус улсын Тэнгисийн цэргийн хүчний болон гадаадын эрдэмтдийн дэмжлэгтэйгээр Карибын тэнгисийн эргийн ойролцоогоос 11 дүгээр сарын 27-нд олсон байна. Цэргийн болон худалдааны зориулалтаар ашиглаж болдог уг том дарвуулт хөлөг онгоц нь 1708 онд Колумбын Картахена хотын ойролцоо Их Британийн флотын хөлөг онгоцуудтай хийсэн тулалдааны үеэрээ живжээ. Уг хөлөг онгоцонд Испанийн хаан V Филиппт зориулсан алт, мөнгөн зооснууд, маргад эрдэнийн чулуу зэрэг бусад үнэт эдлэл байж магадгүй гэж эрдэмтэд, шинжээчид үзэж байгаа аж.

“Сан Хосе” хөлөг онгоцын асуудлаар Колумбын талтай харилцан зөвшилцөлд хүрэхийг оролдож байна гэж Испанийн эрх баригчид урьд нь мэдээлжээ.

Д.Жаргал

 

Related news