Сингапурт тагнуулын нисэх онгоц илгээснийг Хятад шүүмжлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-12-09 09:24:21

БЭЭЖИН. /Sputnik/. Батлан хамгаалах салбарын харилцаагаа Сингапур, АНУ сайжруулж, тухайлбал, Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай газар нутагт АНУ ажиглалтаа нэмэгдүүлж, нислэг үйлдэж буйг Хятад шүүмжлэв.

Батлан хамгаалахын салбарт хамтын ажиллагаагаа сайжруулах тухай гэрээнд АНУ-ын Батлан хамгаалахын сайд Эш Картер болон Сингапурын Батлан хамгаалахын сайд Нг Энг Хэн нар даваа гарагт гарын үсэг зурсан билээ. АНУ-ын Тэнгисийн цэргийн “P-8 Poseidon” ажиглалтын нисэх онгоцыг Сингапурт илгээх тухай уг гэрээнд заасан юм.

Бүс нутагт АНУ цэргээ бэхжүүлж буй нь “бүс нутгийн орнуудын нийтлэг болоод хэтийн сонирхолд нийцэхгүй байна” гэж Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чунь Инь мэдэгдсэн байна.

Өмнөд Хятадын тэнгисийн дийлэнх нь Хятадын мэдлийнх боловч Сингапур, Малайз, Тайвань, Филиппин зэрэг улстай маргаантай байдаг юм. Маргаантай газар нутагт Бээжин хиймэл арал барьсан нь Вашингтоноос шүүмжлэл дагуулсан билээ.

Гэрээнд гарын үсэг зурсан өдөртөө “Poseidon” ажиглалтын нисэх онгоцыг Вашингтон Сингапур луу илгээжээ. 12 дугаар сарын 14 хүртэл нисэх онгоц Сингапурт байх юм.

Х.Аминаа

 

Related news